Шууд Chart

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа

2014-05-05 13:52:02

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сарын 1-нээс “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлээд байгаа.
 

Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 40 тоот тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сарын 1-нээс “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлээд байгаа юм.

Уг арга хэмжээний хэрэгжилттэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, уг хөтөлбөрийг зохицуулагч, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Г.Мягмаржав нар танилцлаа. Тэд МУИС, ШУТИС, МУБИС-д очиж оюутан-цэргүүдийн хичээллэлтийн байдалтай танилцсан юм. МУИС, ШУТИС, МУБИС , БХИС гэсэн дөрвөн сургууль дээр 69 их, дээд сургуулийн оюутныг төвлөрүүлэн  цэргийн эрдэм зааж байгаа юм байна.  Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд нийт  500 гаруй оюутан хамрагдаж байгаа ажээ.
 
Оюутан-цэргүүд бямба, ням гариг бүрт 09.00-12.00 цагийн хооронд хичээллэж Батлан хамгаалахын эрх зүй, ерөнхий тактик, галын бэлтгэл, тусгай бэлтгэл гэсэн дөрвөн төрлийн хичээл үзэж  “Цэргийн ерөнхий бэлтгэл” гэсэн номыг судалж байна.
 
“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг зохицуулагч, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Г.Мягмаржав хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 92 тоот зарлигийн дагуу хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байна. Хөтөлбөрт 69 их, дээд сургуулийн оюутныг хамруулж сургалт зохион байгуулж байна. Оюутнуудын идэвх, чармайлт  маш сайн байгааг онцолж хэлье. Оюутнууд шалгалт өгсний дараа албан ёсоор цэрэгт татагдаж хээрийн бэлтгэл сургуульд хамрагдана. Бүтэн жил цэргийн алба хаагаад халагдаж байгаа дайчидтай манай оюутнууд эн тэнцүү бэлтгэгдэж гарна гэдэгт итгэж байна” гэв.
 
Оюутнууд танхимын сургалтаа дуусгасны дараа зургадугаар сарын 15-наас Төв аймгийн Алтанбулаг дахь цэргийн ангид очиж дадлага хийгээд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр болох зургадугаар сарын 28-нд цэргийн тангараг өргөхөөр болжээ. Цаашдаа НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах үйлсэд оролцох хүсэлтэй олон оюутан байгааг илэрхийлж байлаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа  
Үзсэн: 1409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй