![](/uploads/202103/news/thumb/cd20760a0a3ff4ea4307a9371617bd2c_x3.jpg)
Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт үзмэрээр батлагдсан.
Энэхүү сэлмийг цутгуурын аргаар хийсэн бөгөөд сэлэмний бариулын орой дээр угалзарсан эвэртэй аргалын толгойг маш урнаар дүрслэн гаргаж, толгойн багалзуур хэсэгт өлгөх зориулалттай жижиг цагирган сэнж хийсэн. Энэ төрлийн олдвор нь Монгол орны төдийгүй хөрш зэргэлдээх орнуудын археологийн дурсгалууд дотор маш ховор тохиолдох учир түүх соёлын чухал хэрэглэгдэхүүн болно.
Сэлэмний бариулыг угалзарсан эвэртэй аргалын толгойт дүрсээр чимэглэсэн. Сэлэмний үзүүр хэсэг хугарч алга болжээ. Сэлэмний хэмжээ нь урт-44см, үүнээс бариулын урт-23,3см, бариулын тээглүүрээс хугархай хүртэл-20,7см, сэлэмний мөр хэсгээрээ 1,5см хугархай үзүүр хэсгээрээ 1см бариулны зузаан нь нийтдээ 1,4см өргөн нь доод хэсэгтээ 3,7см хавтгай хэлбэртэй байснаа орой хэсэгрүүгээ нарийсан бөөрөнхий болж аргалын толгойд тулахад 1,3см хэмжээтэй болсон нь уг сэлэмний бариулыг гоёмсог харагдуулдаг байна. Хэлбэрийн хувьд матигар хэлбэртэй хурц иртэй, богино бариултай, хатгах, цавчих зориулалт бүхий зэвсэг бололтой. Ийм төрлийн зэвсгийг бие хамгаалах зэвсэг болгохоос гадна аж ахуйн зориулалтаар ашиглах боломжтой юм. Хэмжээний хувьд жижгэвтэр, хөнгөн байгаа нь тухайн эдлэлийг биедээ үргэлж авч явах боломжтой, өдөр тутмын амьдралдаа ашиглаж болохыг харуулж байна.
Энэ төрлийн бариултай хутга, чинжаал одоогшийн БНХАУ-ын нутаг Хуабаигийн Яньшан уулын ар, өвөр нутаг, Монголын дорнод, төв хэсгээс цөөн тоогоор, Минусын хөндий ба Өвөр байгалийн нутгаас хэд хэд олдсон байна. Судлаачид үзэхдээ НТӨ 2-р мянганы хоёрдугаар хагаст төв азийн бүс нутагт тархсан хэмээн үздэг. Сэлмийг 1984 онд Ховд аймгийн Дарви сумын иргэн Доржийн Мөнхчимэг гэж хүн музейн үзмэрт шилжүүлэн өгсөн байна.
МҮМ-н ЭШ Төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр
Аргалын толгойтой хүрэл сэлэм | ||
Үзсэн: 4342 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.