Шууд Chart

Б.Баттүшиг ОУОХ-ны чуулганд дижитал хэлбэрээр улс орноо сурталчлах ажлыг эрчимжүүлэхийг уриалав

2021-03-15 09:10:51

ОУОХ-ны 137-р чуулган энэ өдрүүдэд цахим хэлбэрээр явагдаж байна. Ирэх зун явагдах Токиогийн олимпын наадмын бэлтгэл ажилтай танилцаж, цар тахлын үеэрх олимпын хөдөлгөөний төлөв байдлын тухай хэлэлцүүлэг өрнүүлж буй уг чуулганд Монгол Улсыг төлөөлөн ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байна.

Тэрбээр чуулганы гурав дахь өдөр хэлэлцэж буй “Олимпын хөтөлбөр 2020 + 5” санаачлагын хүрээнд өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийллээ. Токио 2020 наадамд оролцох Монголын багийн ахлагчийн хувьд тэрээр цар тахлын улмаас өмнө төлөвлөгдөн бэлтгэл ажлаа базаагаад байсан “Mongolia House” байгуулах ажил нь хэрэгжих боломжгүй болсон ч технологийн дэвшлийг ашиглан дижитал хэлбэрээр өв соёл, улс үндэстний онцлогоо танилцуулах төсөл хэрэгжүүлж байгаагаа онцолсон юм.

Энэ нь өмнө нь өндөр зардал, ложистикийн төвөгтэй байдлын улмаас биет байдлаар Олимпын наадмын үеэр үзэсгэлэнгээ дэлгэж чаддаггүй байсан хөгжиж буй болон жижиг орнуудад цоо шинэ боломж олгож байгаа нь бусад улс орнуудын ҮОХ, залуу тамирчдад технологийн хөгжлөөр дамжуулан өөрсдийн түүх соёлоо сурталчлах өргөн боломж гарч ирж байгааг дурдаад, цаашдаа ОУОХ-ноос ижил төстэй санаачлагыг бодлогын хүрээнд дэмжвэл зохилтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн нь олон гишүүдийн талархлыг хүлээв.

Өнгөрсөн жил явагдсан 136-р чуулганы үеэр ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон Б.Баттүшиг ярианыхаа төгсгөлд ОУОХ-ны ерөнхийлөгчөөр ахин сонгогдож, үргэлжлүүлэн ажиллах болсон Т.Бахд баяр хүргэсэн байна. 1976 оны олимпын аварга Т.Бах 2013 оноос хойш олимпын хөдөлгөөнийг тэргүүлж байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Баттүшиг ОУОХ-ны чуулганд дижитал хэлбэрээр улс орноо сурталчлах ажлыг эрчимжүүлэхийг уриалав  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй