![](/uploads/202103/news/thumb/aba3ea41fe7a70b87337760dd7e68dd4_x3.jpg)
Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын зураач, төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Чүлтэмийн 1971 онд зурсан "Магсаржав" хөрөг бүтээлийг уншигч танаа толилуулж байна.
Тус бүтээл нь музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бөгөөд Монгол цэргийн өдрийн 100 жилийн ойг тохиолдуулан хүргье.
Материал: зотон, тосон будаг
Хэмжээ: 116*136см
Уг бүтээлийн арын фонд цэлмэг тэнгэр, бөөн цагаан үүл, алсад цэнхэртэн харагдах мөнх цаст уулс, улаан халзтай гэр, майхан, морь унасан ноёд язгууртан, хэсэг цэргийг дүрсэлсэн бол зохиомжийн төвд Хатанбаатар Магсаржавыг халх зуны малгай, урин цагийн дээл хантаазтай, шийр цагаан, халзан хүрэн морь унасан байдлаар зуржээ. Мөн Богд хаант Монгол улсын төрийн сүлд “Соёмбо Э-Бам”-тай гурван хэлтэй шар далбааг онцлон дүрсэлсэн нь 1911 оны цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Манж чин улсаас тусгаарлан улс орноо сэргээн тохинуулах, сайхан цаг ирж байгааг бэлгэджээ.
Монголд 19 жил амьдарсан худалдаачин А.В.Бурдуков: Залуу халх түшмэл тэрээр эрэмгий зоригтой, ирээдүйн Монголын тухай удтал ярилцдаг, сайхан төлөвлөгөө зохиож хэлэлцэх үед нүд нь гялалзаад, сэтгэл нь ихэд хөдөлдөг гэж түүний тухай олонтаа өгүүлсэн байдаг.
Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав /1878-1927.09.03/-нь тулгар төрөө төвхнүүлж нийт Монголчуудаа нэгтгэхийн төлөөх тэмцэлд манлайлан, олон удаагийн тулалдаанд амжилттай оролцсон ба 1912 онд Ховдыг чөлөөлөх тулалдааныг Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар удирдан гурван сар тулалдсаны эцэст Ховд хотыг чөлөөлсөн гарамгай гавьяаг үнэлэн Богд хаант Монгол улсын засгийн газраас үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ.
Тэрээр 1921 оны хоёрдугаар сард Богд хаант засгийн газрын ерөнхий сайдаар мөн ажиллаж байжээ.
"Магсаржав" хөрөг бүтээлийг уншигч танаа толилуулья | ||
Үзсэн: 1658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.