Шууд Chart

"М-Си-Эс Кока-Кола" компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2021-03-25 14:31:15

Монголын Үндэсний Олимпын Хороо “М-Си-Эс Кока-Кола” компанитай дөрвөн жилийн хугацаанд албан ёсны түнш байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичигт “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь 2024 оныг дуустал буюу “Токио-2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпын наадмуудад МҮОХ-ны “Албан ёсны түнш” байгууллагаар хамтран ажиллахаар тусгажээ.

Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр төлөвлөгөө гарган, олимпизмын хөдөлгөөнийг сурталчлан таниулах тодорхой хөтөлбөрүүдийг явуулахаар тусгажээ. Мөн санамж бичгийн хүрээнд МҮОХ-ноос зохион байгуулагдах уулзалт, хурал, сургалт, олон нийтийн үйл ажиллагаа, олимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулан өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэх юм байна.

“Кока-Кола” компани нь 1928 оны Амстердамын олимпоос хойш 93 жил Олон Улсын Олимпын Хорооны албан ёсны түнш байгууллагаар тасралтгүй ажилласан бөгөөд олимпизмыг дэлгэрүүлэхэд хамгийн тогтвортой үнэнч түнш байсаар ирсэн.

Мөн олимпод оролцох үндэсний баг тамирчдаа дэмжих зорилгоор олон талт хөтөлбөр, арга хэмжээг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэхүү санаачилгыг хөгжүүлж “Алтын төлөө хамтдаа” хөтөлбөрийг Бээжин 2008 Зуны олимпийн наадамтай уялдуулан өргөн хүрээнд хэрэгжүүлж манай тамирчид тус олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг хүртэж байсан юм. Энэ үйл явдал Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын дэвжээнд өндөрт өргөснөөс гадна анх удаагаа олимпын наадмын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн үйл явдал болсон билээ.

“М-Си-Эс Кока-Кола” компани нь багийн спорт, тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн спортын хөгжилд тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр Токио 2020 олимпын наадамд оролцох эрх авч чадсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"М-Си-Эс Кока-Кола" компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй