УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг тогтоолын төсөлд Монгол УИХ-ын тухай хууль болон Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгийг үндэслэн УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ.
Ингээд “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувь нь дэмжив.
Үргэлжлүүлэн "Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа “Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайханг Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболдыг Дэд хорооны гишүүнээр батлахаар тогтож, УИХ-ын тогтоолын төслийн боловсруулсныг онцлоод уг тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,2 хувь нь дэмжив.
“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Хуралдаан “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нар Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Ё.Баатарбилэг гишүүн танилцуулгадаа дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариултдаа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах саналыг хүлээн авах боломжтой гэж байлаа.
Ингээд “Түр хороо байгуулах тухай” тогтоолын нэг дэх хэсэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар гэж нэмэх гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа
“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүнээс 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Тогтоолын төслийн 1 дэх заалтын түр хорооны гишүүд гэсэн хэсэгт “УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ” гэж нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 46 нь дэмжсэн юм. Дараа нь дээрх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 75.4 хувь нь дэмжин, төслийг баталсан тул тогтоолын эцсийн найруулгыг УИХ-ын дарга танилцуулав.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Түр хороог даргалах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллана.
УИХ-ын 24 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороо байгууллаа | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.