Шууд Chart

ТБХ: Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021-03-31 15:57:58

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан 09 цаг 04 минутад гишүүдийн 63,1 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. 

Хуралдаанаар Засгийн газраас  2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Хуралдааны эхэнд Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлснийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. 

Ингээд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ.” гэж заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, санал хэллээ.

Үргэлжлүүлэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төслийн 2 дугаар зүйлийн сангийн хөрөнгийн зарцуулалт хэсэгт “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн 2 дугаар зүйлд “Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг  дэмжих” гэсний дараа “хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна” гэж өөрчлөх, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төслийн 2 дугаар зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын нэг хувь” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх, үүнтэй уялдуулан төслийн 3 дугаар зүйлийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжсэнгүй. 

  Иймд хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


ТБХ: Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй