Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй цахим уулзалт хийв

2021-04-07 11:48:33

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, тус танхимын дарга Т.Дүүрэн нартай 4 дүгээр сарын 06-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг өнгөрсөн хугацаанд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай Монгол Улсын Засгийн газрын уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэх таатай орчин, боломжийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол экспорт хөтөлбөр болон бусад бодлого, зохицуулалтыг бодитоор ажил хэрэг болгох, үр дүнд хүргэхэд амжилттай хамтран ажилласан  болохыг тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг Ковид-19 цар тахлаас эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээн идэвхжүүлж, Хөххотод байгуулж буй Монголын бараа бүтээгдэхүүний дэлгүүр болон цахим борлуулалтын төвд тодорхой дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага болох ГХЯ, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болж төлөөллийг хэрэгжүүлдэг гол байгууллага болох МҮХАҮТ хооронд хамтын ажиллагаагаа улам нягтруулан өргөжүүлэхээр тохиролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Засгийн газраас коронавирустай тэмцэхдээ аль болох хатуу хөл хорио тогтоож, бизнесийн ажлыг зогсоохгүй бодлого баримталж, арга хэмжээ авч хэрэгжүүлж буйд аж ахуйн нэгж байгууллагууд талархаж байгааг илэрхийлээд, хятадын талаас хилийн боомтоор экспорт, импорт хийхтэй холбогдуулан авсан арга хэмжээг анхаарч, нааштайгаар шийдвэрлэхэд дэмжиж ажиллахыг хүсэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 7-ноос Замын-Үүдийн хилийн боомтыг шат дараатай нээхээр өмнөд хөршийн талтай шуурхай ажиллаж байгааг мэдэгдэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй цахим уулзалт хийв  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй