Шууд Chart

Д.Оюунжаргал:1686 иргэн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн шалтгаанаар хасагдсан

2014-05-08 19:01:00

“Буянт-Ухаа”-1хороололд орон сууц захиалсан иргэдийн сугалааг ирэх бямба, ням гараг буюу тавдугаар сарын 10, 11-нд МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулан явуулахаар болсон. Сугалаа явагдах болсонтой холбогдуулан ТОСК-ийн дэд захирал Д.Оюунжаргалтай ярилцлаа.  


 
              1686 иргэн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн шалтгаанаар хасагдсан

- “Буянт-Ухаа-1” хороололд байр авах хүсэлт гаргасан иргэдийн талаарх ерөнхий мэдээллээс яриагаа эхлэх үү?

- Төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгүүлсэн иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын  ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Монголбанк зэрэг байгууллагуудтай хамтран цахим хэлбэрээр хянаж баталгаажуулах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр эхлүүлсэн. Нийт 9094 хүн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1730 залуу гэр бүл, 587 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлсэн байна.

- Эдгээр иргэдээс хэчнээн нь сугалаанд оролцох эрхээ авсан бэ?

- Одоогоор нарийвчилсан тоо эцэслэн гараагүй байна. Бүртгүүлсэн иргэдээс журмын шаардлага хангаж, сугалаанд оролцох эрх авсан иргэдийн тоо эцсийн байдлаар маргааш 12:00 цагт нийтэд мэдээлэгдэнэ.

- Тэгэхээр дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хүсэлт гаргасан нийт иргэний материалыг хянан шалгах ажил дуусаж, сугалаанд оролцох эрхтэй эсэхээ шалгах боломжийг иргэдэд танай зүгээс олгосон байгаа. Энэ тоо өөрчлөгдөнө гэсэн үг үү?

- Хүсэлт гаргасан нийт иргэдийн материалыг нэгтгэн Засгийн газрын 2014 оны  36 тоот тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангаж буй эсэхийг нягтлан шалгах ажиллагаа таны хэлснээр дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дууссан нь үнэн. Уг хугацаа дуусгавар болсноос хойш манайд нийт 152 иргэний өргөдөл ирж, өргөдлийн дагуу бид холбогдох бичиг баримтуудыг дахин хянан үзэх шаардлагатай болсон.

- Иргэдийн мэдээлэл холбогдох газруудын бүртгэлээс зөрөөд байгаа гэсэн үг үү?

- Тийм тохиолдол байна. Тухайлбал, өмнө нь өмч хувьчлалаар байр аваад одоо тэр байраа зарчихсан хүмүүсийн гомдлыг бид хүлээж аваад зохистой байдлаар шийдэж байна. Учир нь тэр хүн байраа улсаас үнэгүй авч, түүнийгээ зарсан учраас сугалаанд оролцох эрхийг нь нээлттэй болгосон байгаа. Мөн гэр хорооллын хашаан дахь байшинг нь үл хөдлөхийн гэрчилгээн дээр орон сууцтай гэж тэмдэглэсэн тохиолдлууд байна. Үүнд залруулга хийж, сугалаанд оролцох эрхийг хүчин төгөлдөр болгох ажлыг хийж байна. Түүнчлэн тухайн байран дээр 18 нас хүрээгүй байхдаа хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн тохиолдлуудыг харгалзан үзэж сугалаанд оролцох эрхийг нь сэргээж байна.

- “Сугалаанд оролцоно”  гэсэн мессеж авсан иргэдийн эрх хэвээр хадгалагдана гэж ойлгож болох уу?

- Тийм ээ. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нийт хүсэлт гаргасан иргэдийн материалыг хянан шалгаж дууссаны дараа бүх иргэд рүү сугалаанд оролцох эрхтэй эсэхийн талаарх мэдээллийг гар утсаар нь дамжуулан явуулсан байгаа. Түүнээс хойших иргэдийн гаргасан өргөдлийг хянан шалгах ажил үргэлжилж байна л гэсэн үг.

- Холбогдох газруудын хянан шалгалтаар нийт хичнээн иргэний сугалаанд оролцох эрх хасагдсан бэ?

- Хянан шалгах ажиллагаанд нийт 9044 иргэний материал орсон гэдгийг хэлсэн байгаа. Үүнээс Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн шалгалтаар 50 иргэн хасагдсан. Хасагдсан иргэдээс таван өргөдөл ирснээс дахин хянах ажлыг эхлүүлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй гэх 979 хүн бүртгүүлсэн хэдий ч 578 нь журмын заалтын дагуух хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлага хангасан, үлдсэн 408 хүн сугалаанд оролцох эрхээс хасагдсан. Үүнээс 13 өргөдөл ирснийг хянан шалгаж байна.

Нийгмийн даатгалын сангаас 4105 хүн шаардлага хангаж, 1613 хүний материалыг хасах хүсэлт ирүүлсэн. Бидэнд ирсэн нийт 152 өргөдлийн ихэнх нь эдгээр хүний хүсэлт байгаа.

Үл хөдлөх хөрөнгийн асуудалтай холбоотойгоор 7359 эрх авч, 1686 хүн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн шалтгаанаар мөн хасагдсан. Гэхдээ дээр дурдсан өргөдлүүдийн дагуу хянан шалгаж, сугалаанд оролцох хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаа.

- Эдгээр тоог нийлүүлээд 3757 иргэн хасагдсан хэрэг үү?

- Сугалаанд оролцсон иргэдийн тоо эцсийн байдлаар гараагүй байгаа гэж хэлээд байгаа учир энэ. Бидэнд ирсэн өргөдлүүдийг бид хянан шалгаж, шаардлага хангасан иргэдийг сугалаанд оруулах эрхийг нь нээж өгч байгаа. Мөн холбогдох газруудын шаардлага хангаагүй иргэдийн материал давхцаж байгаа тул яг ийм өндөр тоогоор дүгнэж болохгүй. Тодруулбал, Монголбанкны зээлийн сангийн мэдээллээр хасагдсан хүн, үл хөдлөх, нийгмийн даатгал дээрээ зөрчилтэй байсан тохиолдлууд нэлээдгүй бий. Хамгийн их хүн хасагдсан үл хөдлөх хөрөнгийн зөрчилтэй 1686  иргэнийг нийт хүсэлт гаргасан иргэдийн тооноос хасаад үзэхэд сугалаанд оролцох иргэдийн тоо ойролцоо дүнгээрээ гарна.

Сугалааг гар аргаар явуулна

- Сугалааг санамсаргүй сонгох программын аргаар явуулах уу?

- Үгүй. Сугалаа явуулахтай холбогдуулан тусгайлсан журам ТОСК-ийн ерөнхий захирлын тушаалаар батлагдсан байгаа. Уг журамд тусгагдсаны дагуу сугалааг гар аргаар явуулна.

- “Гар аргаар” гэдгийг тодруулаач?  

- Гар аргаар гэдэг нь сугалаанд оролцох эрх авсан иргэдийн хувийн дугаарыг хуйлан шилэн хоргонд хийж, түүнээс хүүхдүүдээр сугалуулан байрны эздийг тодруулна гэсэн үг. Программчлалын аргаар танил талдаа өгчих байх гэсэн иргэдийн хардлагыг төрүүлэхгүй байх үүднээс энэ аргыг сонгосон юм. Иргэдэд итгэл төрүүлэх үүднээс ил тод, нээлттэй аргыг сонгож авсан байгаа.

- Сугалааг үнэхээр шударга явагдаж байгаа эсэхийг иргэд хэрхэн хянах боломжтой вэ?

- Боломжтой. Бид сугалааг хуйлахаас өгсүүлээд МҮОНТ-ийн байранд очих, хэрхэн байшруулах, сугалах үйл явц зэрэг бүх үйлдлээ хөндлөнгийн хяналт дор дүрсжүүлэн хадгална. Хэрвээ бидний явуулж буй үйл ажиллагаанд итгэхгүй иргэд байх аваас нээлттэйгээр уг ажлыг хэрхэн явуулсныг хянан үзэх боломжийг олгож байгаа.

- Хөндлөгийн хяналтыг хаанаас хийж байгаа вэ?

- ШӨХТГ, АТГ, сугалаанд оролцох иргэдийн төлөөлөл, Төрийн орон сууцны корпорацийн хөндлөнгийн аудитаас бүрдсэн баг ажиллана.

- Сугалаа хоёр өдрийн турш үргэлжлэх нь ээ?

- Эхний ээлжийн сугалаанд зорилтот бүлэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл гэсэн ангиллуудын сугалааг энэ сарын 10-ны өдрийн 1000 -1400 цагийн хооронд МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулна. Маргааш нь буюу 11-ний өдөр Төрийн албан хаагчийн сугалаа 1000 -1400 цагийн хооронд үргэлжлэн явагдана.

- Сугалааг зорилтот бүлгүүдээр нь яаж ялгах юм бэ?

- Засгийн газраас баталсан журмын дагуу  төрийн албан хаагч /60 хувь/: эмч, багш, цагдаагийн албан хаагч, бусад, Зорилтот бүлэг /40 хувь/: залуу гэр бүл /70 хувь/, хөгжлийн бэрхшээлтэй иргэн /10 хувь/, ахмад настан /20 хувь/ гэсэн ангиллууд сугалаанд оролцоно.

Байр маань өөрөө долоон өөр хэмжээтэй. Тодруулбал, 33.47, 39.47, 42.32 м2  бүхий нэг өрөө байр тус  бүр 252,  нийт 756 ширхэг, 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр  252, нийт 756 ширхэг,  66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг.  

Иргэд өөрийн авах хүсэлтэй хэмжээ талбайгаа захиалгын хүсэлтэн дээрээ тусгасан байгаа. Тэгэхээр байрны талбайн хэмжээ тус бүр дээр нийт бүлгүүдэд хэдэн байр ногдох талаарх нарийвчилсан квот маргааш гарна. Миний энэ тайлбарласнаас харахад  нэг зүйл тодорхой харагдаж байгаа биз. Сугалаа 49 удаа явагдана.

- 49 удаа явагдана гэдэг нь ямар учиртай юм?

- Дээр дурдсанчлан төрийн албан хаагчийн дөрөв, зорилтот бүлгийн гурав, нийтдээ долоон ангиллаар долоон өөр талбайн хэмжээ бүхий байраар сугалаа явагдахаар 49 удаа болж таарч байгаа юм. Багагүй хугацаа шаардаж байгаа шалтгаан энэ.

- Нэг л ойлгомжгүй сонсогдоод байна даа?

- Ойлгомжтойгоор тайлбарлавал, нэгэн залуу гэр бүл 33 метр.кв-ын байран дээр захиалга өгч, сугалаанд оролцох эрхтэй болсон гэж бодъё. Тэгвэл тэр залуу гэр бүл “залуу гэр бүл” гэсэн ангиллаас 33 метр.кв-т захилгаа өгч, сугалаанд оролцох эрхтэй болсон бусад иргэдтэй өрсөлдөнө гэсэн үг. Ингэхийн тулд тухайлсан квотыг гаргах ажил хийгдэж байгаа юм.

 39.47, 42.32 м2  талбайтай  нэг өрөө байранд иргэдээс захиалга бага ирсэн

- Квотод захирагдахгүйгээр шууд байраа авах боломжтой иргэд байгаа юу?

- Захиалга өгсөн байдлаас харвал 39.47, 42.32 м2  талбайтай  нэг өрөө байранд бүх бүлгүүдийн иргэдээс захиалга бага ирсэн. Учир нь хүмүүс ашиглалтын байдлаа харгалзан үзэж ижил шахам хэмжээтэй хоёр өрөө байрыг сонирхдог юм байна. Тэгэхээр эдгээр байруудыг авах хүсэлт гаргаж, сугалаанд оролцох эрх авсан иргэд харьцангуй бага өрсөлдөгчтэй гэж ойлгож болно.  

 

- Иргэд сугалаагаар байр авах эрхтэй болсон тохиолдолд хэдийд байраа авах бэ?
 
- Байр худалдан авах эрхээ хожсон хүмүүс ирэх долоо хонгогийн нэг дэх өдрөөс эхлэн ТОСК-ийн нэгдүгээр давхарт байрлах Марктенг борлуулалтын хэлтэст хандаж байраа сонгон гэрээгээ хийлгэх ажлаа эхлүүлэх эрхтэй. Мөн “Буянт-Ухаа 1” хорооллын нэгдүгээр блокийн баруун талын 725 дугаар байрны нэгдүгээр давхарт загварын байр ажиллана. Байр авах гэж буй иргэд маань очиж үзээд байр, давхруудаа сонгох юм.
 
- Урьдчилгаа төлбөрөө хэдийд хийх бэ?
 
- Иргэн сугалаа явагдсан цагаас хойших 45 хоногийн дотор байраа сонгон гэрээгээ хийсэн байх шаардлагатай. Гэрээгээ байр сонгосноос хойших 10 хоногийн дотор хийх бөгөөд урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлсөн баримтаа авч ирснээр гэрээ хийгдэнэ. 
 
- Байрны төлөлтийг бүрэн барагдуулах хугацаа нь?
 
- Тэр хугацааг 60 хоногоор тооцсон. Иргэд байр авах зээлийн хүсэлтээ арилжааны банкинд гаргаж, зээл судлах хугацааг тооцсон байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах хугацааг ч тооцсон. Иргэн Б манай байгууллагатай гэрээ байгуулан энэ сарын 10-ны өдөр урьдчилгаагаа төлснөөр үлдсэн мөнгөө банкнаас зээл авч өгөх эрхээ эдэлнэ. Энэ хугацаа нь энэ оны наймдугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болно оо л гэсэн үг.  
 
- Байрны үндсэн төлбөрөө энэ хугацаанд багтаж төлж чадахгүй бол яах вэ?  
 
- Засгийн газраас баталсан журмын дагуу байрыг ТОСК эргүүлэн авч, урьдчилгаа төлбөрийг ямар нэгэн шимтгэл суутгалгүйгээр эргүүлэн олгоно. Эргүүлэн авсан байрыг мөн сугалааны журмаар иргэдэд худалдаалах маягаар ажил явагдана.  
 
- “Буянт-Ухаа”-1 хорооллын байр авах сугалаанд оролцох эрх авсан хэдий ч сугалаа таараагүй иргэд “Буянт-Ухаа”-2 хорооллын шалгаруулалтад шууд оролцох эрх эдлэх үү?
 
- Үгүй. Засгийн газраас батлагдсан журам нь зөвхөн “Буянт-Ухаа”-1 хороололд хамаарна. “Буянт-Ухаа”-2 хороолол ашиглалтад орох үеэр мөн өөр төрлийн журмыг батлан гаргах болов уу. Уг хорооллын эхний ээлжийн байр 2015 оны 10 дугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байгаа.
 
- Ярилцсанд баярлалаа.                                  
 

 

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Оюунжаргал:1686 иргэн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн шалтгаанаар хасагдсан  
Үзсэн: 7049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.247.xxx [202.170.68.xxx] 2014-05-13 15:06
Хэн, хэн ямар шалтгаанаар хасагдсан гэдгийг тодруулж өгнө үү? Жишээ нь: Би хасагдсан, эсвэл дараагийнхад орох эсэхээ яаж мэдэх вэ?
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-05-09 14:48
30 huvi gdg arai ih bn ydaj 20 huvi bsan bol bolomjtoi shdeee
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-05-09 14:30
Ard tumnii ner barij horongo zartsuulsan bol ard tumendee bolomjtoi nohtsolteigeer olgo. Ter ta narin bolood bankni shalguurig jiriin ajil hodolmor hiigeed yawj bgaa irged awch chadahgui bas oron suutstai geed bgaa ter humuusiin huuhduud ch awah bolomj alga
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-05-09 14:05
Байршлыг нь хэлээд өгөөч?
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-05-09 14:03
Төрийн орон сууцны корпораци нь хаана байрладаг юм бэ?
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-09 12:10
bi yrid n bsan bairaa zarsan bsan teeed xassan bsan odoo oryylax yum bolow uu
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-05-09 11:56
энэ нэг банк дамжин бузарлаад явсан авгай. Бас энд очиж амьтан бузартуулж явхийн . Ийм муухай доромж байдлаар орон сууцанд орох гэж байх уу. Арай л дэндүү гутаахийм аа залуусыг
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2014-05-09 10:27
yamar davartsan shunaltai garuud veee baliar yumnuud medehgui avchina gej bodsiin baihdaa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-09 10:24
hudlaa hudlaa hamragdah yostoi irged ni hamragdaj chadahgui baigaa shdee manai neg ah hugjliin berhsheeltei yum tegsen hasagdsan baina lee hudalj zasgiin gazar irgedee yalgavarladag. tanil taldaa uilchildeg icheesei bilee. hunii zovlongoor show hiisen amitad

Бидэнтэй нэгдээрэй