![](/uploads/201405/news/thumb/80b7e1bea39cfd5bb75a883890d805f3_x3.jpg)
Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Б.Ланга тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-9-нд Монгол Улсад ажиллав.
Энэ үеэрээ Элчин сайд Б.Ланга Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Батхүү, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай уулзсан байна. Эдгээр уулзалтаар Монгол, ӨАБНУ-ын харилцаа, түүний дотор уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, соёл урлаг, спортын салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцааг дэмжих асуудлыг хөндөж ярилцав.
Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Олон улсын харилцаа, Хамтын ажиллагааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт Дэд сайд Д.Ганхуяг, Элчин сайд Б.Ланга нар гарын үсэг зурсан. Мөн Элчин сайд Б.Ланга МУИС-ын ОУХНУС-д зочилж, багш, оюутнуудад Өмнөд Африк, хоёр талын харилцааны талаар танилцуулга хийн сонирхсон асуултад нь хариулжээ.
Монгол Улс, ӨАБНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн идэвхжиж, өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжсэнээс гадна хамтын ажиллагааг тодорхой салбарт, тухайлбал, уул уурхай, нүүрснээс шингэн түлш гаргах чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улс, ӨАБНУ-ын Парламентийн найрамдлын бүлэг УИХ-д байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байна.
Өмнөд Африкийн элчин сайд Монгол Улсад айлчиллаа | ||
Үзсэн: 1362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.