Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-05-10 06:39:09

Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Өчигдөр Аугаа Эх орны дайны ялалтын баярын өдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлэв.

Хүмүүс олноороо юу нь үл мэдэгдэх тариа хийлгээд байна гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт нэгэн иргэн манай сайтад өгсөн юм. Иргэний мэдээллийн мөрөөр сурвалжлахад тус тариаг “Гэрэлт ирээдүй” христийн цуглааны байранд иргэдэд тарихаар бэлтгэсэн байв. Биднийг очиход Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид очсон байлаа. Тэд тариа, бусад зүү тариуруудыг хурааж авсан. Эл тариаг АНУ-ын иргэн, хүний их эмч мэргэжилтэй гэх DR. Hanson.P.Wong нарын хоёр эмч, Монгол Улсын иргэн таван их эмч хамтран хийж байсан. Монгол Улсын иргэдийн биеийн үений холбоосонд тарилгын холимог /20% глюкоз, 2% лидокаин, Витамин В12/-оор тарьж үйлчилж байжээ.

Гадны хоёр эмч ЭМЯ-наас эмчлэх эрхийн зөвшөөрөл аваагүй байсан нь тогтоогдсон. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү. Хамгийн гол нь монголчууд юу нь үл мэдэгдэх тариагаар тариулж байгаа нь сэтгэл эмзэглэхэд хүргээд байгаа юм. Үнэ төлбөргүй гэх “үзүүлэлт” ямар ч аюулыг дагуулж байж болзошгүйг анхаарна уу. Тиймээс цаашид анхаарал болгоомжтой байж гэр бүл, ойр дотны хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалж, хэрэв ийм үйлдэл хаа нэгтээ болж байгааг мэдвэл холбогдох байгууллагуудад яаралтай хандахыг уриалъя.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл болон амьтны гаралтай түүхий эд, арьс үс, шувууны өд, толгой, хавх, бууны сум, 50 мм-ээс дээш диаметртэй тор зэрэг ангийн хэрэгсэл, нэн ховор ургамлыг байнга худалдсаар байгаа билээ. Тиймээс МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтэс хамтран “Нарантуул” захын удирдлагатай өнгөрөгч долоо хоногт уулзлаа. Зөвшөөрөлгүй цэгт, мэргэжлийн бус хүмүүс хууль бусаар худалдаа эрхэлж байгааг таслан зогсоохын тулд дотоодын хяналтаа тогтмол хийж, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн, ажиллагчдынхаа хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийг анхаарууллаа. 

Зурагтын шинэ эцсийн буудал орчмын хоёр км замд засварын ажил хийгдэх гэж байгаатай холбогдуулан өнгөрөгч баасан гарагаас буюу тавдугаар сарын 9-нөөс ирэх зургаадугаар сарын 9-нийг дуустал замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн маршрутад өөрчлөлт оруулав. Тодруулбал, М:9-“Зүүн салаа-Зурагт” Сансар”, М:15-“Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6-р хороо”, М:25-“Баянхошуу-Ард кино театр”, М:25б- “Баянхошуу-Вокзал-БММЗ” чиглэлүүдийг Баянхошууны Хөтөлийн буудлаас үндсэн замаараа явж нэг урсгалаар Зурагтын эцэс хүртэл, Зурагтын эцсээс Далан давхрын урд талын шинэ замаар нэг урсгалаараа зорчиж Баянхошууны Хөтөлийн буудал хүртэл явна.

УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хаалттай хэлэлцлээ. Хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Уг асуудлаар өмнөх долоо хоногт Ардчилсан намын бүлэг завсарлага авч байсан. Чуулганы хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билэгт нар гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Үүнийг зарим гишүүн  “Чуулганы хуралдаан шүүх хурал” боллоо гэж шүүмжлэв. 

Цэрэг татлага өнгөрөгч баасан гарагт орон даяар эхэллээ. Зарлан дуудах авсан залуус товлосон цагт холбогдох бичиг баримттайгаа цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй. Цэргийн жинхэнэ албанаас түр чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байдаг бөгөөд эцэг, эх нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг харгалзах өөр хүнгүй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, 16-гаас доош настай дүүтэйгээ хоёул амьдардаг, хоёроос дээш хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн гэх мэт шалтгаанаар цэргийн албанаас түр чөлөөлөгддөг юм байна. Хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн бол дүүргийн эмнэлэгтээ оношлогоо, эмчилгээ хийлгэхийг албаныхан зөвлөж байна. Цэрэг татлага энэ сарын 11-нийг дуустал үргэлжилнэ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан баасан гарагт болж “Төгсөлтийн баярыг зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Төгсөлтийн баяр ид болж байгаа өнөө үед эцэг, эхчүүд, ар гэрийнхэн нь хүүхдээ хэнтэй, хаашаа явж буйд анхаарал хандуулаарай. Мөн оюутан, сурагчдад согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалж байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цас их унасан тул шар усны үерээс болгоомжлохыг нийт ард иргэддээ анхааруулъя.   

“Буянт-Ухаа-1” хороололд орон сууц захиалсан иргэдийн сугалааг өнөөдөр, маргааш буюу тавдугаар сарын 10, 11-нд МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулна. Тодруулбал, эхний ээлжийн сугалаанд зорилтот бүлэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл гэсэн ангиллын сугалааг тавдугаар сарын 10-ны өдрийн 10:00 -14:00 цагийн хооронд, харин төрийн албан хаагчийн сугалааг тавдугаар сарын 11-ний 10:00 -14:00 цагийн хооронд шууд дамжуулах юм. Тиймээс уншигч та бүхэн сувгаа МҮОНТ-ийн хоёрдугаар суваг дээр тааруулаарай. Мөн MNB.mn сайт сугалагдсан хүмүүсийн нэрсийг цаг тухайд нь мэдээлэх болно. Тус хороололтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг  ЭНДЭЭС уншина уу.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна   
Үзсэн: 3736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2014-05-11 19:40
ene mobicom gej unen shulaach company bnaa yah ve? udur bolgon mobicom iin application aar yarisan minute aa haraad, uuriin yarisan minute taigaa tulgahaar dandaa iluu tootsson bh yum, mun data 3g heregleegui bhad data nii mungu n 2-3 dahin nemegdsen bh yum, uta*ar uulchilgeenii hesegt holbogdood heleheer bid medehgui mobi deer ochij minute aa shalguul geed uuduus zagnaad bh yum. ene ni chin mobi g bolimoor bn. unitel gmobile skytel 3 iin ali n zugeer ve ?
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2014-05-11 19:40
ene mobicom gej unen shulaach company bnaa yah ve? udur bolgon mobicom iin application aar yarisan minute aa haraad, uuriin yarisan minute taigaa tulgahaar dandaa iluu tootsson bh yum, mun data 3g heregleegui bhad data nii mungu n 2-3 dahin nemegdsen bh yum, uta*ar uulchilgeenii hesegt holbogdood heleheer bid medehgui mobi deer ochij minute aa shalguul geed uuduus zagnaad bh yum. ene ni chin mobi g bolimoor bn. unitel gmobile skytel 3 iin ali n zugeer ve ?
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-05-10 19:24
тэмүүжин гэдэг тэр нөхрийг огцруулах зүйн хэрэг шүүдээ

Бидэнтэй нэгдээрэй