Шууд Chart

Монголын прокурорууд сургалтад хамрагдлаа

2014-05-12 11:07:46

Монгол Улсын нийслэл, дүүргүүд болон аймгуудын нийт 20 прокурор тус улсын Анкара хотод Туркийн Ерөнхий прокурорын газар болон Хууль зүйн академиас зохион байгуулж буй “Хэргийн газрын үзлэг” сэдэвт сургалт семинарт оролцов.

Монголын прокурорууд хэргийн газраас нотлох баримт цуглуулах, хамгаалах, бэхжүүлэх, зөөвөрлөх, хадгалах арга, ажиллагааны талаар мэдээлэл авч туршлага судлав. Мөн Туркийн шүүх, прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн тогтолцоо, онцлогийг судалж, тус хотын Криминалистик шинжилгээний лабораторийн ажилтай танилцсанаас гадна БНТУ-ын Ерөнхий прокурор Хасан Эрбил Монголын прокуроруудтай уулзалт хийв.
 
Монгол, Туркийн прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа бөгөөд 2012, 2013 онд нийт 56 прокурор Туркт ирж сургалт, семинар хийж, туршлага судалсан юм. Мөн энэ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Б.Батхишиг 2014 оны тавдугаар сарын 7-нд Туркийн Ерөнхий прокурор Хасан Эрбилтэй уулзаж, хоёр улсын прокурорын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. 
 
Монголын прокуроруудыг Туркийн Хууль зүйн академийн сургалтад оролцуулж, тус улсын хууль сахиулах байгууллагын шинэчлэл, ажлын туршлага, шинэлэг арга барилтай танилцуулж байгаад Ерөнхий прокурор Х.Эрбилд талархаж буйгаа Элчин сайд Б.Батхишиг илэрхийлээд Монголын шүүхийн тогтолцооны шинэчлэлийн талаар ярьж танилцуулав.
 
Туркийн Ерөнхий прокурор Х.Эрбил 2013 оны зун Монгол Улсад айлчилж, манай  улсын прокурорын байгууллагатай харилцаагаа хөгжүүлэх талаар чухал тохиролцоонд хүрсэнд сэтгэл ханамжтай буйгаа онцлон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж өгөхийг хүсэв.

Тус уулзалтад оролцсон Туркийн Хууль зүйн академийн захирал  Ыйлмаз Акчил манай улсын  хуульчидтай хамтын  ажиллагаагаа цаашид үргэлжлүүлж, Монголын бүх прокурорыг Туркт урьж, сургалтад оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монголын прокурорууд сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй