Шууд Chart

"Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аян эхэллээ

2021-05-24 12:41:17

ДЭМБ-аас гишүүн орнууддаа 2018 оноос эхлэн 4 дэх жилдээ уриалга дэвшүүлэн зохион байгуулж буй “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” сэдэвт арга хэмжээний хүрээнд "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
 
Аяны цахим хурлын нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, нээлтийн үг хэлэв. Технологийн хурдацтай хөгжил дэвшилтэй холбоотойгоор хөдөлгөөний хомсдол нийт хүн амын дунд үүсэх боллоо, мөн Дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19” цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдлыг нэмэгдүүлж байна. Иргэн эрүүл бол Эх орон эрүүл. Иргэн бүрийн эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй тогтмол дасгал хөдөлгөөн юм. Иймээс өөрийн хайртай бүхнийхээ төлөө та эрүүл байж тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэж биеийн дархлаагаа дэмжин, өөртөө цаг гарган “Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног” аянд нэгдэн алхаарай. Энэхүү аяны турш та тогтмол алхаж, идэвхтэй хөдөлснөөр өөртөө болон гэр бүлдээ эрүүл амьдралын дадал хэвшүүлэх боломжтой юм. Та бүхэнд “Эрүүл идэхтэй амьдрал”-ыг хүсэн ерөөе.  
 
 
 
Аянд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица болон НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, ЗГТА-БТСУХ-ны  Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, “Alhay” аппликейшний үүсгэн байгуулагч Г.Ганчөдөр, Аймаг Нийслэлийн ЭМГ, биеийн тамир, спортын хороо оролцсон юм. НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусын нас баралтыг 2025 он гэхэд 25 хувь, хөдөлгөөний хомсдолыг 10 хувиар бууруулах”-аар зорилт дэвшүүлсэн. 

 
 
Дэлхийд хүн амын нас баралтын зургаан хувь нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг. Монгол Улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.
 
Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10000-аас дээш алхам алхдаг. Aлхалтын тоо хэмжигч педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн зэрэг хэрэгслийг хүн амын 76% нь ашигладаггүй байна. ДЭМБ-аас гишүүн орнууддаа 2018 оноос эхлэн 4 дэх жилдээ уриалга дэвшүүлэн зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийхээ төлөө- Алхангаа ярилцъя” сэдэвт арга хэмжээний хүрээнд "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аянг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна.
 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аян эхэллээ   
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй