Шууд Chart

Ц.Бавуудорж: Зохиолчид ер нь их чимээгүй улс шүү дээ

2021-05-25 13:24:41

Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж хүн хэмээх ертөнцийн тухай бодлоо хуваалцжээ. Үүнийг уншигч танаа хүргье. “Хүн нэртэй сүм эвдэрч, нурж байгаа энэ цаг үед хүн чанартай, зөөлөн сэтгэлтэй яваа минь тээр болох янзтай. Сул тал минь яг өнөөдрийн байдлаар энэ л болоод байна даа. Ертөнцийн гоо сайхан нь хүмүүн. Та бид л шүү дээ. Тухайн ард түмний дотоод гоо сайхныг таньж мэдрэхэд бүсгүйчүүдийнх нь харц, тэдний жавхлан хоёроор төсөөлөөд авч болох юм шиг санагддаг. Сэтгэлийг ямагт долгисуулж л байхгүй бол цалгиа давалгаагүй сэтгэлээс юу төрөх вэ дээ. Сэтгэлээ ариун байлгах нь чухал. Ингэхийн тулд ямар нэг хэмжээгээр бясалгал хэрэг болж байна. Хэдэн номоо харж суухад Бавуудорж хүний зүрхэн тольтод нуугдагч нандин хөгжмийг хөглөхөөр тэмүүлдэг юм биш байгаа гэж бодогддог. Ер нь тэгээд тэр зүг рүү л тэмүүлдэг юм шиг байна. Монгол хэлээ ариуслын тарни гэж итгэдэг. Уншигчдадаа хандаж зөвлөхөд, XX зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд эх хэл минь бүтэн байгаа. XXI зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд оюун санааны хил чинь байгаа. Өвөл үнэхээр гайхам улирал. Сэтгэл яг л шилэн болор шилтгээн шиг нэвт гэрэлтээд л... Шүлэг бичиж суухад тэр шилтгээн дотор усан болор цэцэг ургаж хагдраад байгаа юм шиг санагддаг. Сэтгэлийг их тунгалагшуулдаг улирал гэж бодох юм. Цасан дороос сэрвийх цагаан өвс хүртэл хамгийн гэгээн мэдрэмжийн үедээ байх шиг харагддаг. Хамгийн сайхан инээмсэглэл минь хэдэн номон дотор минь байж магадгүй. Зохиолчид ер нь их чимээгүй улс шүү дээ. Юугаа ч хашгичаад байх юм. Тэртэй тэргүй энэ орчлон чинь орилоон хашгираанаар дүүрэн байна шүү дээ. Энэ бөмбөрцөг дээр чинь буун дуу тасралтгүй хашгираад л, ядуус өлсгөлөн хашгиралдаад, газар хөдөлж хашгиралдаад л, далайн хилэн хөдөлж хашгиралдаад л, нэг нь нэгнээ цөмийн бөмбөгөөр айлгаж хашгиралдаад л ер хашгираанаас бүтсэн юм шиг л байна шүү дээ, дэлхий минь. Хаа газрын зохиолчид өөртөө аглаг бүтээж түүн дотроо бясалган суудаг улс. Ажлын байр нь тийм юм чинь. Өөрөө өөртэйгөө ярилцах сэдэв баян байдаг болохоор тэр. Дэлхий ертөнц минь магнай дундаа ганц билгийн мэлмийтэй энэ тэр гэж боддог. Тэр нь дорно гэж өөрөө өөртэйгээ хөөрнө. Дорно бол бидний оршихуйн тиг нь ч гэж бас боддог. Хүн төрөлхтний мөнх оршихуйн нууцыг хадгалагч ч гэж итгэдэг. Дорно бол том сэтгэгч. Бүр нарийсган яргаж ч сэтгэдэг сэтгэгч. Бүр энгийн жишээ авбал мөхсөн ертөнц сарыг мөнгөн ордон болгож сэтгэнэ. Мөнгөн ордон дотроо туулай амьдруулж сэтгэнэ. Бүр туулайн зүрхэнд жаахан гуниг байгаагаар ч сэтгэнэ. Гоё байгаа биз дээ. Энэ оршихуйгаа яруусгаж, утга уянга оруулж л харахгүй юм бол ер бидний оршихуй юу байх байсан бол. Хүн төрөлхтөн ч гэсэн бие биенээсээ гэрэл гэгээ л олж харах гэж эрмэлзэж тэмүүлж байдаг шүү дээ. Дорнын томъёо үйлчилж байгаа нь л тэр юм. Энэ хорвоод сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн байгаа болохоор тэр гэж итгэдэг шүү.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Бавуудорж: Зохиолчид ер нь их чимээгүй улс шүү дээ  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй