Хурдан хүлгийн уралдаанд уяан дээрээ үүрсээд зогсож байсан хонины морийг “түрүүлсэн” гэж өргөмжилж, шагнал гардуулбал та гайхах уу? Мэдээж гайхна.
Яг үүнтэй нэгэн адил асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан нь хөдөө орон нутгийнхны дургүйцлийг төрүүлээд байна. Тодруулбал, энэ сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенчийг улсын тэргүүний сумаар шалгаруулжээ. Уг шагналыг өнөөдөр гардуулах юм.
Хамгийн сонирхолтой нь Архангай аймгийн Эрдэнэмандал сум уг шагналд нэр дэвшээгүй бөгөөд материал нь хоцорч ирсэн тул шалгаруулалтад орох хурлаар авч хэлэлцээгүй аж. Уг нь хангайн бүсийн шалгаруулалтаар Бүсийн төвийн шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Тариалан сумыг улсын тэргүүний сумаар тодорхойлсон юм байна.
Хамтарсан Засгийн газрын шийдвэрийн дагуу 2009 оноос хойш хоёр жилд нэг удаа Монгол Улсын хэмжээнд дөрвөн сумыг шилдгээр шалгаруулан, сум тус бүрт 100 сая төгрөгийн шагнал хүртээдэг болсон. Уг болзолт уралдаан нь сумын эдийн засаг, нийгэм, хөгжлийн үзүүлэлт, цаашлаад удирдлагуудын ажил төлөвлөлт, зохион байгуулалт зэрэг нийт 19 ажлыг үндсэн шалгуур болгон тавьдаг.
Шагналын сан, нэр хүндээрээ уг зорилтот уралдаан хөдөө орон нутгийнхны анхаарлыг татсаар ирсэн нь нууц биш ээ. Шагналын сангийн мөнгөний 90 хүртэлх хувийг хөдөө орон нутаг өөрсдөө захиран зарцуулах эрхийг эдэлдэг бөгөөд тухайн суманд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжүүлэх, ажлын байр нэмэх, сумын төвийн тохижилтыг сайжруулахад зарцуулах үүргийг Засгийн газраас өгдөг юм.
Болдог л санаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Үнэхээр ажил үйлсээрээ манлайлж, шилдэг нь болоод шалгарсан тохиолдолд энэ зэргийн эрх ямбыг хөдөө орон нутаг хамгийн түрүүнд эдлэх ёстой. Тиймээс ч улсын тэргүүний сум уралдааны өрсөлдөөн тун чиг халуухан болж өнгөрдөг бөгөөд Монгол Улсын дөрвөн бүс нутгаас тус бүр нэг сум шалгаруулдгаараа онцлогтой юм.
Тухайн бүсийн төвүүд анхан шатны шалгаруулалтад ирсэн сум, орон нутгийн материалуудыг хянан үзэж, тэндээс нэг сумыг шалгаруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт материалыг нь хүргүүлснээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгддэг.
Гэтэл материал нь хоцорч ирсний улмаас эхний шатны шалгаруултад орох эрхээ ч эдлээгүй Архангай аймгийн Эрдэнэмандал сум чухам хангайн бүсийн төв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газруудын хаагуур нь тойроод шууд Засгийн газарт хэл чимээ нь оччихсон нь анхаарал татна.
Уг нь хангайн бүсээс улсын тэргүүний сум болол болзолыг Хөвсгөл аймгийн Тариалан сум хангаж, материал нь холбогдох газруудад хүргэгдсэн аж. Бас чиг болоогүй. Хангайн бүсийн төвөөс Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалайд улсын тэргүүний сумаар шалгарах болзол хангасан талаарх мэдээг хүргүүлсэн байж таарчээ.
Сумын удирдлага эл мэдээнд хөөрч, орон нутгийн иргэддээ мөн дуулгаад амжиж. Гэтэл энэ сарын 03-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хангайн бүсээс Архангай аймгийн Эрдэнэмандал сум улсыгн тэргүүний сумаар шалгарсан талаарх мэдээг телеикээр үзэж.
Цочирдсон сумын засаг дарга шууд л тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд хандаж, тодруулж өгөхийг хүсэн, гомдол мэдүүлснээр дээгүүрээ “хор” орсыг нь мэдсэн гэх. Тодруулбал, холбогдох албаны хүмүүс “Засгийн газрын хуралдаанаас тийм шийдвэр гарсан” гэх Н.Батбаяр сайдтай холбогдсон мэдээллийг Хөвсгөл аймгаас сонсгогдсон Л.Энх-Амгалан гишүүнд уламжлан учирлажээ.
Нэр нөлөөтэй байх ийм л сайхан. Ажил үйлсийн манлайлал энэ тэр огтоос хамаагүй. Архангай аймаг ийм л “арын хаалга” сайтай сайдуудтай аж. Д.Тэрбишдагва, Н.Батбаяр, Н.Удвал нарын нэр гарч ирнэ. Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд намын дотоод бодлогын төлөөлөл болон гарч ирж, сайхан муухайгаа дуудуулж яваа сайд нар. Гурвын гурван сайдтай аймаг бас арга байж уу гэх хөхүүн бодол төрнө.
Гишүүд, сайд нар сонгогдсон тойрогтоо хөрөнгө оруулалт татах, төсөвт ахиухан мөнгө суулгачих гэсэн оролдлогууд гарч л байдаг. Шинэ юм биш. Гэхдээ энэ мэт зулгүй аргаар шагнал сугалж, орон нутаг руу тал засах гэж байгаа нь эрхэм сайд нарын болоод сум орон нутгийн нэр хүндэд сөргөөд нөлөөлөхийг эртнээс тооцох хэрэгтэй байсан мэт.
Ийнхүү сайд нар нь хүртэл жамаараа яваад шилдгээ тодруулчих сумуудын асуудал дээр хор хутгаж, Төрийн ордныг улам бүр сааралтуулсаар сууж буй нь валютын ханш тэнгэрт тултлаа өсөж, эдийн засгийн хүнд ачаа ард иргэдийн нуруун дээр байгаа энэ цаг үед хэр тохиромжтой юм бол. Хоцорч ирсэн материалыг тэргүүнд дэвшүүлж болдог онолыг хэн зааж өгсөн юм бол доо Н.Батбаяр сайдад...
Н.Батбаяр сайдад хоцорч ирсэн материалыг тэргүүнд дэвшүүлэх онолыг хэн заасан бол | ||
Үзсэн: 2490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.