Шууд Chart

“Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээн” цогцолборын шав тавих ёслол маргааш болно

2021-05-25 17:09:03

 

Нүүдэлчин Монголчууд анх адууг 5000 жилийн тэртээгээс гаршуулж, гэршүүлж, хүн төрөлхтний дундаас хамгийн анх хурдыг мэдэрч, эзэмшиж амьдралынхаа бүхий л хэрэгцээг мориор хангаж улмаар төр улсаа морин дэл дээр байгуулж, хүлэг морьдынхоо алтан туурайгаар дэлхийг тамгалж их гүрнийг байгуулсан түүхтэй.

Монголчууд мянга мянган жилийнхээ түүхэнд энэ дэлхийн бусад үндэстнүүдээс ялгарах нэгэн онцлог нь бидний амьдралын хэвшлээс урган гарсан морьтны соёл юм.

Мөн хүлэг морио төрийнхөө сүлдэнд залж, морин эрдэнээ дээдлэн шүтдэг түмэн билээ. Морио дээдэлдэг залуусын нэгдэл “Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээн” төслийг санаачлан олон нийтийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Энэхүү шүтээн цогцолбор бүтсэнээр Монгол наадам, хурдан морь дагасан өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчид нэмэгдэж, хүлэг морио дээдлэгч олон түмэний зуун зуунд дээдлэн шүтэж дэлхийд гайхагдах шүтээн хүйн мандлын дэнжид цогцлох юм.

Шүтээн товч танилцуулга:

-Монголчууд Дэлхийн талыг эзлэхэд гайхамшигт үүрэг гүйцэтгэсэн хүлэг эрдэнийн алтан туурай тэнгэрээс буун дэлхийг тамгалж тэнгэр газрыг холбосон 18м өндөр ерөнхий зохиомжинд оршино.
          

-Орой хэсэгт Морьтны их өв соёл, Монгол төрийн наадам мөнхөд мандан бадрахыг билэгдэж Төрийн сүлд алтан соёмбыг шүтээний оройд дээдлэн зална.
           

-Энэхүү шүтээн цогцолборын нэг чухал бүтэц нь “Тамга”-т хэсэг юм. Энэхүү хэсэг нь 11м өндөр 108 тамганаас бүтэх юм.
          

-Мөн шүтээн цогцолборт Монголын шилдэг сайн хүлэг морьдын дүр төрхийг товойлгон урлана. Монгол наадмыг бүрдүүлж, Монгол бахархлыг асааж бадрааж байдаг “Төрийн түмэн эхүүд” ийнхүү урлагийн бүтээлд мөнхрөн цагийн цагт домог болон яригдсаар байх болно.
           

-Үндсэн суурины дээд хэсэгт дэлхийн бөмбөрцөг оршино. Энэ хэсэгт Монголчууд морьтойгоо дэлхийн хуурай газарт байгуулсан түүхэн үйл явдлыг харуулсан бүрэн дүрслэлийг дэлхийн бөмбөрцөг дээр хагас товойлгон уран баримлын релеф хэлбэрээр бүтээнэ.
          

-Шүтээний доод хэсэгт Төрийн сүлд шонхор, эрийн хийморь чоно, адууны ивээл жил, амьтдыг домгийн дүрээр билэгдэн шүтээний хамгаалагчаар дүрсэллээ.
           

-Шүтээнийг Монголын шилдэг залуу уран барималчид урлаж, уран дархчуудын нэгдэл Монголдоо хүрэл цутгуураар, бүтээнэ.

Энэхүү шүтээний шав тавих, лус аргадах, ёслолын арга хэмжээ маргааш болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээн” цогцолборын шав тавих ёслол маргааш болно  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй