Шууд Chart

Хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

2021-05-27 14:55:12

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.27) нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Д.Өнөрболор нарын гишүүд санаачлан боловсруулж, 2021 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг энэ сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж дэмжсэн байна.

Энэ үндсэн дээр чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтжээ.

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ. Хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг багасгах асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар асуулт асууж тодруулсан юм. Гишүүний асуултад Байнгын хорооны дарга М.Оюунчимэг өгсөн хариултдаа, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдээ ажилтай, орлоготой байлгах, цаашид халамжаас ажил хөдөлмөр рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ үүднээс Засгийн газраас нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн багц хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхэд бэлэн болсон талаар салбарын сайд мэдэгдсэн. Эхний ээлжинд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах арга хэмжээ авч байгаа юм гэлээ.

Ингээд хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй