Шууд Chart

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2021-05-27 14:58:46

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.27) нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулсан уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.

Монгол Улс нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 оноос хамрагдаж, энэ тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг авч, нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 2018 онд 2, 2019 онд 1, 2020 онд 2 хувиар өсгөн хуульчилсан. Ажил олгогч болон даатгуулагчид санхүүгийн шууд дарамт үүсгэхгүй байх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0,5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулсан байна. Харин Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьснаар 2021 онд мөрдөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж, 2020 онд 8.5 хувийг хэвээр мөрдсөн.

Коронавируст цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болж нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн үйлчлэлийн хугацааг зохицуулж буй Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувь болгон бууруулж, сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг 12.5 хувийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11.5 хувь байхаар зохицуулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хууль батлагдсанаар төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай болох юм байна, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар асууж тодруулсан юм. Энэ асуултад Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөд төсөвт 94 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үүнийг төсөвт тодотгол хийгүйгээр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд шийдэх боломжтой гэж холбогдох яамд үзэж буйгаа илэрхийлсэн гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй