Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” олимпод оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа

2021-05-28 09:41:23

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулав.  

“Токио-2020” зуны олимп, паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг ирэх зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл сард нэг сая таван зуун мянга, цаашид тамирчны цалинг сард нэг сая хоёр зуун мянга, дасгалжуулагчийн цалинг нэг сая таван зуун мянган төгрөг хүртэл нэмсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар баг, тамирчдаа бүхий л талаар анхаарч дэмжинэ. Өнөөдрийн шийдвэр бол сэтгэлийн дэм юм. Та бүхэн минь авъяас чадвар, хурд хүчээ дайчлан өндөр амжилт үзүүлж Монгол түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн алтан соёмбот төрийн далбаагаа өндөрт өргөж, олимпын медальтан олноор төрүүлэхийн ерөөл дэвшүүлээд Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтоход төрийн далбаа гардууллаа.

Ч.Насантогтох “Манай тамирчид Токиогийн олимпод амжилт гаргах бүрэн бололцоотой.

2008 оны олимпын амжилтаа бататгах бүрэн итгэлтэй байгаа” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” олимпод оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа  
Үзсэн: 1488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй