![](/uploads/201405/news/thumb/c16fdd569615b57d6f79762d2117465d_x3.jpg)
“Хавдрын эсрэг үндэсний аян-2014” Дархан-Уул аймагт нээлтээ хийлээ. Тус үйл ажиллагаанд ЭМЯ, ХСҮТ, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн ажилчид болон ард иргэд оролцлоо.
Хавдрын эсрэг үндэсний аян дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд аяны хүрээнд зохион байгуулагдах сургалт сурталчилгааны ажлаас дурдвал “Зонхилон тохиолдох хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтад 9 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдах юм. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх сайн дурын багийг аймаг бүрт бэлтгэх зорилготой “Хорт хавдар, түүний эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт ба эрт илрүүлэлт” сургалтад ХААН банкны 270 ажилтан хамрагдана гэсэн төлөвлөгөөтэй байна.
“Хавдрын эсрэг үндэсний аян-2014” нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Халдварт бус өвчин дотор хорт хавдар дэлхий дахины түүнчлэн манай орны эрүүл мэнд, нийгэм эдийн засагт хор хөнөөл учруулж буй асуудлуудын нэг юм. Иймээс Монгол Улсын Засгийн газраас Халдварт бус өвчин түүний дотор хорт хавдраас сэргийлэх, хянах асуудалд анхаарал хандуулж, бодлого, хөтөлбөртөө тусган ажиллаж ирсэн.
Хорт хавдрын анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон ажил нь Хавдар судлалын үндэсний төвөөс санаачилсан “Хавдрын эсрэг үндэсний аян” юм. Тус аяны үр дүнгээс харахад хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 42 хувь нь эмчлэгдэж болох эрт үе шатандаа илэрсэн байна. Мөн 2013 онд хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэшүүлэх 6 сарын сургалтад аймаг, хотын 25 эмч, хөнгөвчлөх сувилахуйн 3 сарын сургалтад 17 сувилагч, хими эмчилгээний чиглэлээр 8 аймгийн эмч нар ХСҮТ-д суралцаж төгсөөд орон нутагтаа ажиллаж эхэлсэн нь аймаг, дүүргийн түвшинд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад томоохон ахиц боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хавдраас сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлж, хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх шатлалд бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахын зэрэгцээ энэхүү үйлсэд төрийн, хувийн хэвшлийн байгууллага, олон улсын түншүүдтэй үр ашигтай хамтран ажиллах болно” гэлээ.
Хавдрын эсрэг үндэсний аян дөрөв дэх жилдээ үргэлжилж байна | ||
Үзсэн: 1730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.