Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлсэн.
Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 салбар комисс байгуулагдсан бөгөөд санал авах ажиллагаа орон нутгийн цагаар хамгийн анх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх салбар комисст эхэлсэн.
Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс 5 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг /УБ-ын цаг/-ийн байдлаар 14 салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байна.
Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 30 салбар комисст санал авах ажиллагаа хараахан эхлээгүй байна. Сонгогчдын ирцийн мэдээний явцыг Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссоос өнөөдрийн 17:00 цагт дахин мэдээлэх аж.
Австрали улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 14:00 цаг гэхэд 443 сонгогч саналаа өгсөн нь тус улсад бүртгүүлсэн сонгогчдын 57,7 хувь болж байна.
Япон улсын Токио хотод тухайн улсын цагаар 12 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.
Санал хураалтын явцыг танилцуулбал:
- Япон улсын Осака хотод 13:30 цагийн байдлаар 48 хүн саналаа өгч ирц 37.5 хувь,
- БНСУ-ын Пусан хотод 12 цагийн байдлаар 19 сонгогч буюу 12.3 хувь,
- ОХУ-ын Улаан-Үүд хотод 12:00 цагийн байдлаар 26 хүн,
- ОХУ-ын Эрхүү хотод 12 цагийн байдлаар 14 хүн саналаа өгч ирц 31.1 хувь,
- Вьетнам улсын Ханой хотод 11:25 цагийн байдлаар 21 иргэн саналаа өгч 77.78 хувьтай,
- Сингапур дахь салбар комисст 12.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 20 хувьтай байгаа бол БНХАУ-ын Шанхай дахь салбар комиссын ирц 36 хувьтай байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн байна.
| Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна | ||
| Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.