Шууд Chart

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг буруу бичжээ

2014-05-13 13:09:07

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний 15 аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар түргэн гэмтэж мууддаг 10 нэр төрлийн 29 бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Шалгалтын явцад 400 гаруй мянган төгрөгийн хиамыг газар дээр нь устгажээ. Мөн дээрх зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдийг гурван сая төгрөгөөр торгосон байна.

Ихэнх худалдаа үйлчилгээний газар хугацаа дууссан бүтээгдэхүүнийг борлуулж байсан бол хамгийн ноцтой зөрчил нь дотоодын үйлдвэрлэгчид гурав хоног хадгалах бүтээгдэхүүний шошгон дээр 5-7 хоног хадгална гэх зэргээр хадгалалтын хугацааг хуурамчаар бичсэн байжээ. Иймд түргэн муудах бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацааг сайн нягталж авахыг мэргэжлийн хяналтын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

Манай улсын дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд Англи, Монгол, Орос хэлээр шошгон дээрх мэдээллээ гаргах ёстой бол зарим нь огт шошгогүй, ганцхан хэлээр гарсан зэрэг зөрчил илэрсэн байна. Харин гадаадаас импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний шошгон дээр импортлогч компани нь өөрийн орны хэлээр нэмэлт мэдээлэл наах ёстой гэнэ. Ихэнх импортлогч компаниудын хувьд гадаадаас оруулж ирсэн бүтээгдэхүүн дээр нэмэлт шошго наадаггүй учраас хуулийн дагуу торгох шаардлагатай байгааг албаны хүн хэлсэн юм. Тухайн бүтээгдэхүүний шошгон дээр хүнсний эд зүйлийн нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо, ширхэг, хадгалах хугацаа, хадгалах нөхцөл, гаж нөлөө зэрэг хамгийн чухал мэдээлэл байдаг. Харин худалдан авагч энэ мэдээллийг өөрийн хэлээрээ авах ёстой байдаг аж. Бараа бүтээгдэхүүний шошго шаардлага хангаагүй болон бүтээгдэхүүний буцаан татаагүй тохиолдолд аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй, албан тушаалтныг 30 дахин, иргэнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг буруу бичжээ   
Үзсэн: 1479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй