Шууд Chart

О.Отгонсүрэн: Мото спорт эрчүүдийн жинхэнэ нөхөрлөлийг бий болгодог

2021-06-02 11:19:13

Намайг О.Отгонсүрэн гэдэг. Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Одоо мотоспортын “Омогшил” клубын тэргүүнээр ажилладаг. Манай клуб 2011 онд байгуулагдсан, Монгол Улсын хамгийн анхны мото клуб.

Миний хувьд анх 2007 онд Hondo HR 250 кросс уулын төрлийн мотоцикль худалдаж авч байлаа. Тэр цагаас хойш одоог хүртэл мотоцикль амьдралын минь нэг салшгүй хэсэг болоод явж байна. Мото спорт сонирхогчид төрөл бүрийн мэргэжилтэй залуучууд байдаг. МУ-ын 31 дэх ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд жирийн нэг засварчин хүртэл энэ спортод дурлаж байна шүү дээ. Яагаад гэвэл түүнээс авах мэдрэмж асар хүчтэй учраас...

Мотоцикл өөрөө задгай орчинд хол зам туулж, олон цагаар явдаг учраас байгаль, цаг уур, цас, бороо, нар, салхи гээд бүхий л бодит мэдрэмжийг авахаас гадна хөл, гар, нуруу зэрэг хүний биеийн бүх булчин ажиллаж, уушигны багтаамж нэмэгддэг зэрэг маш олон давуу талтай.

Энд нэг түүхийг онцлохыг хүсч байна. Бид гурван жилийн өмнө ОХУ-ын Эрхүү хот руу фестивальд оролцохоор Эрдэнэт хотоосоо гарсан. Тэр үед эндээс гарах, очих, буцаж ирэхэд битүү бороотой байсан. Гэсэн ч бид нар төлөвлөсөн цаг хугацаандаа очиж наадамдаа оролцсон. Энэ аялал бидэнд юу өгсөн бэ гэхээр байгаль, цаг агаарын нөхцөл байдал биднийг тэсвэр хатуужилтай болгохоос гадна хол замд эрчүүдийн жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлж, хоорондоо илүү ойртож нөхөрлөхөд тусласан. Бид нар чинь орчин цагт морио мотоциклоороо орлуулааад л явж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь энэ спорт тэсвэр хатуужлаас гадна, жинхэнэ нөхөрлөлийг үнэ цэнийг мэдрүүлж, монгол хүн гэсэн омогшлыг төрүүлдэг. Тийм ч учраас манай клуб үндсэрхэг үзлийг агуулсан “Омогшил” гэсэн нэртэй. Цаашлаад монгол эр хүний хувьд мотоциклоороо Монгол орныхоо өнцөг, булан бүрт очиж үзэхийг хүсч байна.

Сүүлийн үед залуучууд ухаалаг утас, сошиал орчин, компьютер тоглоомонд хэт донтоод амьдралын хэв маяг нь суугаа байдалд шилжчихсэн. Эдгээр хүмүүс байгаль цаг уурын бодит мэдрэмж, хөдөлгөөний эрчмийг мэдэрч бие бялдар, сэтгэл санааны хувьд стрессээ тайлж, сэтгэл хөдлөлөө гадагшлуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ эрч хүчийг мэдэрчихсэн залуус эргэлт буцалтгүй энэ спортод дурладаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Отгонсүрэн: Мото спорт эрчүүдийн жинхэнэ нөхөрлөлийг бий болгодог  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй