Шууд Chart

А.Төгөлдөр: Би энэ спортоос маш их хүндлэл, төлөвшлийг олж авсан

2021-06-03 12:09:35

 

Би 18 настай. 13-р сургуульд сурдаг, төгсөх ангийн сурагч. Анх таван настайдаа мотоцикль унаж сураад долоон настайгаасаа сонирхогчийн түвшинд тэмцээнд орж эхэлсэн. 2013 оноос хойш  бэлтгэлээ тогтмол хийж, мэргэжлийн ангилалд тэмцээн алгасахгүй орж амжилт гаргаад явж байна.

Анх энэ спортод хөл тавихад өсөж төрсөн орчин, гэр бүлийнхэн маань их нөлөөлсөн. Миний өвөө мото спортоор хичээллэдэг спортын мастер цолтой хүн байсан. Би өөрөө хөдөө мотоцикль, морь хоёр дээр л өссөн хүүхэд учраас багаасаа энэ спорттой ойрхон байсан.

Мото спорт ер нь эрсдэл ихтэй. Өндөр харайна, огцом хурд хийнэ. Хэдий хэмжээний хурдан явна, түүнийг дагаж гарах эрсдэл өндөр. Мөн урт хугацаанд хүчний бэлтгэл, талбайн бэлтгэл хийдэг учраас маш их ядардаг. Эндээс л тууштай байх зан чанар надад суусан гэж боддог. Мөн эрсдэл ихтэй спорт учраас бэртэл, гэмтэл авах тохиолдол цөөнгүй. Миний хувьд 2014 онд гурван жил дарааллаж бэртээд,  өөрийгөө ингэж зовоох шаардлага байна уу гэж шантрах үе байсан. Гэхдээ би мотоцикль дээр гарах үед маш өөр сонин, гайхалтай мэдрэмжийг авдаг. Яг л  хурдан морь унадаг хүүхэд, морин дэл дээр сэтгэл нь хөөрч, омогшоод, адреналин ялгардаг шиг тийм мэдрэмжийг авдаг. Тэр мэдрэмжээс салж чаддаггүй. Энэ мэдрэмжийг хүн бүр нэг удаа ч болов авч үзээсэй гэж хүсдэг. Одоо эргээд бодоход бэртэл, гэмтэл бүр хүнийг илүү их тэсвэр, хатуужилтай болгодог юм байна.

Хүн ер нь ямар ч спортоор хичээллэсэн спортын төлөвшлийг олж авдаг. Хүнтэй наад зах нь зөв харилцаж сурах, цаг заваа тохируулах, хувийн зохион байгуулалт сайтай болсон зэрэг давуу талууд их.  Би энэ спортоос маш их хүндлэл, төлөвшлийг олж авсан гэж боддог.  1980, 1990-ээд онд уралдаж байсан ах нарыгаа их хүндэлдэг. Тэд нараасаа бас заавар зөвлөгөө авч, туршлагаас нь хуваалцаж байж өнөөдрийн энэ амжилт гарсан гэж боддог.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Төгөлдөр: Би энэ спортоос маш их хүндлэл, төлөвшлийг олж авсан   
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй