Шууд Chart

Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн чуулган өндөрлөв

2021-06-03 17:42:52

Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн чуулган тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд виртуал хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ассамблейн чуулганы Дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлын хүрээнд чуулганы нэгдсэн хуралдааныг хамтран удирдав. Мөн тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улс дахь "Ковид-19" халдварын цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үг хэллээ. 


 
Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн чуулганы хүрээнд "Ковид-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт, эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн эрсдлээс хүн амыг хамгаалах, хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явцын тайланг хэлэлцлээ. Мөн чихрийн шижин, хөгжлийн бэрхшээл, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, хараа хамгаалах, ХДХВ, гепатит, бэлгийн замаар дамжих халдвар, эм үйлдвэрлэл, хумхаа өвчин, халуун орны өвчин, халдварт бус өвчин, сувилахуй, эх барих, амны хөндийн эрүүл мэнд, хүний нөөц зэрэг асуудлаар 30 гаруй тогтоол, шийдвэрийг батлав.   
 
 
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейусус чуулганыг хааж хэлсэн үгэндээ энэ жилийн чуулганы гол сэдэв болох “Энэ удаагийн цар тахлыг хамтдаа даван туулж, дараа дараагийн болзошгүй цар тахлаас сэргийлж, илүү эрүүл, аюулгүй, тэгш байдлыг бий болгох”-ыг гишүүн улс орнуудад дахин уриалав. Мөн тэрээр дэлхий нийтэд "Ковид-19" халдварын тохиолдол, нас баралт буурсаар байгаа нь бидэнд итгэл, урам зориг өгч байгаа ч цар тахлын аюул өнгөрөөгүй гэдгийг улс орнууд анхаарч, энэ оны 9 дүгээр сарын эцэст дэлхийн хүн амын 10 хувь, оны эцэс гэхэд 30 хувийг вакцинжуулах зорилт тавьж байгааг улс орнууд дэмжиж ажиллах, ард иргэдийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлж ажиллахыг уриаллаа. Мөн ассамблейн чуулганы үеэр гишүүн орнууд ирэх 11 дүгээр сард Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн тусгай хуралдаанаар дахин уулзаж, цар тахалтай тэмцэх олон улсын глобал гэрээг боловсруулах асуудлыг хэлэлцэхээр тохиролцов. Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн чуулган өндөрлөв   
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй