![](/uploads/202106/news/thumb/f3d7466a0d14d3ecdbfa421dc1c56a08_x3.jpg)
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарт болж, тэмцээний эхний өдөр эрэгтэй -60 кг, эмэгтэй -48 кг-ын барилдаан явагдлаа.
Монголоос гурван тамирчин оролцсон бөгөөд эрэгтэй -60 кг-д өрсөлдсөн Л.Өнөболд В хэсгийн аваргын төлөө Казахстаны Гусман Кыргызбаевтай барилдаж, ялагдал хүлээснээр дагах барилдаан хийх эрхтэй болсон. Тэрбээр дагах барилдаанд Азарбайжаны Карамат Хусейновд ялагдаж, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.
Эмэгтэй -48 кг-д зодоглосон Г.Наранцэцэг эхний тойрогтоо Сербийн Милица Николичид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин гавьяат тамирчин М.Уранцэцэг С хэсгийн аваргын төлөө Японы Вагана Когатай барилдаж, ялагдал хүлээн дагах барилдаан хийх болов.
М.Уранцэцэг гуравдугаар тойрогтоо Казахстан улсын нэр дээрээс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй учраа таарч, ялалт байгуулаад байсан юм.
Дагах барилдаанд М.Уранцэцэг Францын Сирин Буклиг ялж, улмаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов. Хүрэл медалийн төлөө тэрбээр Косовогийн Дистриа Красникитай учраа таарч, ялалт байгуулан ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэв.
Түүний хувьд 2013 оны ДАШТ-ээс алт, 2017 оны ДАШТ-ээс мөнгө, 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байсан бол ийнхүү 2021 оны ДАШТ-ээс дахин хүрэл медаль хүртлээ.
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.