“Редакцийн зочин” буландаа Буриад улсын ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Борхүүгийн Амархүүг урьж ярилцлаа.
-Б.Амархүү ойрд ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед хувийнхаа ажлаа хойшлуулаад байгаа. Энэ жилийн “Universе best songs” дээр ажиллалаа. Өмнөх жилүүдийнхээсээ харьцангуй онцлогтой боллоо. Надад Монголдоо гаргаж байсан цомог байдаггүй юм билээ. Тиймээс цомог гаргах бодолтой байгаа. Одоо хоёр дахь дуун дээрээ ажиллаад явж байна. Олон жил Оросын шоу бизнест “алалцаж” явлаа. Тэгээд олон ч зүйл сурсан. Тэр туршлагадаа үндэслээд Монголынхоо шоу бизнест өөрийн хүч чадлаа дайчлах цаг нь болсон гэж бодож байна. Залуу хүний хувьд хийх зүйл их байна.
-Монголд шоу бизнесийг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцоно гэхээр шинэ, залуу дуучдыг дэмжинэ гэж ойлгож болох уу?
-Манайд авьяастай хүүхэд олон байна. Даанч тэд зам мөрөө олж чадахгүй байх нь их юм. Тиймээс би тэдгээр хүүхдүүдэд “Иймэрхүү байж болно шүү” гэсэн гарцыг нь л зааж өгөх хүсэлтэй байна. Хоосон яриад яах вэ. Энэ ажлын маань гарт баригдах эхний зүйл нь шинэ цомог маань байх болно. Залуус надаас “Та мөнгө их олдог уу”, “Уралдаанд түрүүлэхэд танд мөнгө өгсөн үү” зэрэг асуултыг сонирхон асуудаг. Бас манайхан Монголд шоу бизнесийн зах зээл бага гэж ярьдаг. Оросын зах зээлтэй харьцуулах гэлээ гэдэг. Би бол Монголд шоу бизнес хөгжиж байна гэж хэлнэ. Сонсогчдод хүлээлт байна, уран бүтээл хийх эрх чөлөө ч байна.
-Таны бодлоор Монголын шоу бизнесийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа хүн байна уу?
-Монголын шоу бизнесийн талбарт хамгийн амжилттай зөв менежмент хийж байгаа хүмүүсийн нэг бол яалт ч үгүй “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд ах. Уран бүтээл гэдэг баг, хамт олны ажил. Тиймээс би Монголдоо ирээд хамгийн зөв өнцгөөс сайн менежменттэй ажилладаг, чадварлаг уран бүтээлчдийн нэгийг сонгон хамтран ажиллаж байна.
-Тэгвэл та шинэ цомгоо B продакшинтай хамтарч хийж байгаа байх нь ээ?
-B продакшинтай хамтран ажиллаж байна гэх үү, Болдоо ахтай ажиллаж байгаа гэх үү, би хэлж сайн мэдэхгүй байна.
-Шинэ цомогт багтах дуунуудын тухай сонирхмоор санагдлаа?
-Би үүнийг одоохондоо нууц хэвээр үлдээе гэж бодож байна. Яагаад гэхээр уран бүтээл олон талтай шүү дээ. Сонгосон дуугаа гэнэт өөрчлөх тохиолдол гардаг. Тиймээс яг ямар дуу орохыг нэг мөр болгочихоод ард түмэндээ хэлсэн нь дээр гэж бодож байна.
-Монгол, орос сонсогчдын ялгааг хэлж өгөөч гэж асуувал дуучин Б.Амархүү юу гэж хариулах бол?
-Яах ч аргагүй өөр л дөө. Яагаад гэвэл тухайн улс орны ёс заншил, соёл, хандлага гээд олон зүйлд ялгаа байдаг. Яг Монгол, Орос гэж тодотговол монголчууд их тайван, зөөлөн ард түмэн. Оросууд сэтгэлийн хөөрөл ихтэй. Тэдний цусанд нэг тийм зүйл байдаг юм шиг байгаа юм. Оросууд баян хуураа дараад, малгайгаа шидээд, бүжиглээд л, үсэрч дэвхэцдэг. Ийм эсрэг тэсрэг туйл шиг хүмүүсийг хооронд нь харьцуулж арай боломгүй зүйл л дээ.
-Сүүлийн үед манай хүүхэд, залуусын дунд Солонгосын К-поп стиль сонирхогчид олширсоор байна. Солонгос кино үзэж, хамтлаг дуучдынх нь дууг сонсож байгаа нь ийм нөлөөлөлд автахад хүргээд байж болох юм. Үүн дээр таны үзэл бодлыг сонсъё?
-Гадны соёл, хөгжим урлаг нөлөөлж байж болно л доо. Гэхдээ манайхан өөрийн суурь ёс заншил, бүжиг, дуугаа бүү мартаасай. Түүнээс биш гаднаас орж ирж байгаа бүхнийг үгүйсгэж болохгүй л дээ. Хүмүүс олон юмыг сонсож, олон газар үзэж байж өөрийгөө олдог гэж би боддог. Тэр өнцгөөс харвал байх л зүйл гэж хэлнэ. Гэхдээ манайхны анхаарах зүйл бол өөрийн улс орны өнгө аясыг мартаж болохгүй. Манай залуус гадны залуусыг ихээхэн дууриаж байгаа нь үнэн. Монголд “BLUE” хамтлаг ирлээ. Би тэр үед нэлээн сүртэй юм болох нь гэж бодсон. Өөрөө очиж үзсэн. Харамсалтай нь үзэгчид хүлээж авсангүй. Дараа нь “T-ARA” хамтлаг ирсэн. Би тэр хамтлагийнхны нэгийнх нь ч төрхийг мэдэхгүй. Гэтэл тэр хамтлагийн тоглолтыг хүүхэд, залуус их үзсэн. Зарим нь бүр утсаа ломбардаад билетийг нь худалдан авсан байна лээ. Энэ байдлаас ажиглахад тэднийг сонсдог монгол залуус наанадаж эдгээр залуусын үсний засалт, хувцаслалт, стилийг дагах нь тодорхой л доо.
-Хүмүүс зарим дууг хоорондоо төстэй байна гэж шүүмжлэх нь бий?
-Хүн бүр л тэгдэг. Мэдээж тийм юм байлгүй дээ. Хөгжим долоохон ноттой. Тэднийгээ наана, цаана нь оруулаад л дуу бүтээнэ. Нэг дууг нөгөө дуутай харьцуулах нь тийм ч онц биш.
-Та өөртөө таалагдах гэж амьдардаг уу, бусдад таалагдах гэж амьдардаг уу?
-Манай монголчууд гаднаа гяланцаг, дотроо паланцаг амьдарч байна. Сайн яваа нэгийгээ муулдаг. Муу яваа нэгийгээ өрөвдөж, өмөөрдөг. Бидэнд ийм сэтгэлгээ аль хэдийнэ суучихжээ. Би бага насандаа Монголдоо амьдарч байсан үеэ санаж байна л даа. Миний багад их сайхан байсан. Одоо бол хотод асуудал их болсон байна. Хэн дуртай нь гудамжинд шүлсээ хаядаг, хогоо шиддэг болж. Гадны нэг соёлтой хүн манайд ирээд энэ байдлыг нүдээр үзвэл тэгээд л монголчуудын нэр хүнд унана шүү дээ. Залуус нэгдээд санаа зориг гаргаад энэ асуудлуудыг шийдэж чадна. Орост гэхэд л залуусын тийм хөдөлгөөн байдаг.
-Залуус нэгдэж чадвал эдгээр асуудлуудаас ангижирч чадна гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Бид чинь залуус шүү дээ. Монголчууд цөөхүүлээ юм чинь бүгд баян амьдрах боломжтой гэж боддог. Даанч нэг хэсэг нь хэт баяжаад, нөгөө хэсэг нь хэт ядуурсан байна. Хоногийн 1500 төгрөгөөр амьдарч байгаа хүмүүс байна ш дээ. Үүнд санаа зовниж байгаа хүн байна уу. Өнөөдөр олон хүн ямар хувцсаар гангарах вэ гэдэгт ихэд санаа тавьдаг болж гэж бодож байна. Хүмүүс намайг гаднаа их сайхан залуу, дотроо муухай гэж боддог юм шиг байгаа юм. Үгүй шүү, би тийм биш. Би Орос улсад атаархдаг. Яагаад манай улс тийм байж болохгүй гэж. Манай хамтлагийнхан хоорондоо хэрэлдэж байж л уран бүтээлээ хийдэг байсан. Яг үүнтэй адилхан монгол залуус нэгдэж эх орныхоо сайн сайхны төлөө юм хийх хэрэгтэй.
-Иргэн хүний хувьд улс төрд хэр их оролцоотой вэ?
-Би ер нь улс төрд сонирхолгүй. Сонгууль болохоор иргэн хүний үүргээрээ санал өгсөн болдог. Улс төр ярих нас минь болоогүй. Нас нь болоод ирэхээрээ би бас ярих л байх даа. Яагаад гэвэл би энэ талаар өвөөтэйгээ маш их ярьдаг. Өвөө маань улс орондоо их юм хийсэн хүн.1992 онд Үндсэн хууль баталсан хүмүүсийн нэг нь юм. Би өөрийнхөө фэйсбүүк хуудсан дээрээ санал бодлоо бичдэг л дээ. Залуусаа ийм асуудал байна гээд л. Харин залуус урдаас өөр юм бичдэг. Тэд миний постны доор “Монголоороо зөв бичээч” гэж шүүмжилдэг болохоос миний асуудал болгон гаргаж ирсэн зүйл дээр санал бодлоо хуваалцдаггүй. Үүнийг нь их гайхдаг шүү.
-Цахим ертөнцөд олон найзтай юу?
-Би фэйсбүүкийн найзгүй. Пэйж хуудастай. Түүгээрээ санал бодлоо илэрхийлдэг. Одоо 97 мянга орчим дагагчтай. Харин твиттерийг өнөөдөр нээлээ. Би монголоор бичихдээ муу л даа. Тийм болохоор алдаагүй бичиж сурахын тулд хичээж байгаа.
-Та энгийн гуйлтыг хүлээж авдаг уу?
-За, жишээ нь ямар...
-Шилээ авчихаж болох уу?
-Үгүй ээ. Би энэ шилийг их үнэтэй авсан. Хүмүүс нүд харж байж үнэн, эсвэл худлаа ярьж байгааг мэддэг гэдэг л дээ. Яг үнэндээ уран бүтээлч хүнд өөрийн гэсэн дүр төрх байх ёстой. Та бүхэн тэр талаас нь хүндлээд хүлээн зөвшөөрөх ёстой байх. Би онгироод байгаа юм биш. Миний амьдралын 15 хувийг хувийн амьдрал маань эзэлдэг. Үүнээс болж би шил зүүж, малгай өмсөх дуртай болсон. Аль болох битүү явах сонирхолтой. Оддын өвчин байх ёстой юм байна лээ. Харин түүнд унтраалга бас байх ёстой. Шилээ авахгүй ч гэсэн та бүхэнтэй илүү нээлттэй ярилцъя.
-Таны хувийн амьдралыг хүмүүс их сонирхдог. Тэр ч утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Б.Амархүүтэй холбоотой мэдээ тасардаггүй байх. О.Ариунзул та хоёрыг салсан гэж бичсэн байсан. Үүнд та хариулт өгөхгүй юу?
-Хүн сонсох ёстой юмаа л сонсдог гэж би боддог. Дөрвөн хүний толгойд дөрвөн өөр бодол байдаг. Би энэ бүхэнд эмзэглээд байдаггүй. Намайг энэнээс илүү бичдэг байсан. Нэг монгол залуу Орос даяар нэр нь цуурайтаад гараад ирэхээр элдвээр бичиж эхэлсэн. “Чукча минь, буцаж очоод хонио хариул” гэж хүртэл бичүүлдэг байсан. Би нэг зүйлийг гайхдаг. Яагаад О.Ариунзул бид хоёрыг салсан гэж бичээд байгаа юм бэ. Магадгүй энэ бүхнийг хүсдэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Бид хоёр 2012 оны есдүгээр сард хойно очоод ажиллаад жил болоод О.Ариунзул ар гэрийн шалтгаанаар Монгол руу буцсан. Ингээд л шар мэдээний бай болоод жаахан маргаан гарсан тохиолдол бий. Гэхдээ би та бүхэнд яг юу болсныг хэзээ ч хэлэхгүй. Энэ бол миний хувийн амьдрал. Өнөөдөр би оройн хоолондоо бууз иднэ үү, хуушуур иднэ үү хэнд ямар хамаатай юм бэ. Би одоо Оросын нэртэй дуучныг эх орондоо авч ирэх гээд хөөцөлдөж байна. Яагаад тэр талаас нь харж, бичиж болдоггүй юм бэ. Би тэр үед олны хараанд байна гэдэгтээ дасаагүй байсан. Хүн бүр хуруугаараа заагаад эхлэхээр “Нарантуул”-аас 15 мянган төгрөгөөр пүүз авч байсан залуу дахин тийшээ явахаа больдог юм байна. Хүмүүс юу гэж хэлэх бол гэсэн ойлголт төрөх жишээний.
-Дэлхийн одуудын хувийн амьдралыг дагадаг хэвлэлийнхэн байдаг шүү дээ. Нэгэнт олны танил болох замыг сонгосон юм чинь та “Ялыг нь үүрээд, ямбыг нь эдлээд” явж болохгүй гэж үү?
-Яг зөв. Би хэзээ ч гоншигнодоггүй. Уран бүтээлч хүнийг муулж байна уу, магтаж байна уу гэдэгт чанарын ялгаа бараг байхгүй ш дээ. Харин олны танил хүмүүс бичүүлж байгаадаа биш, бичихээ больсон цагт л айх хэрэгтэй.
-Таны урлагт зүтгэх насны хязгаар хэд вэ. Ирээдүйд хэн байхаа өнөөдөр тодорхойлчихсон байж болох юм?
-Би ирээдүйд хэн байхаа мэднэ. Гэхдээ хэлэхгүй. “Болоогүй боорцгийг битгий хуваа” гэсэн утгатай орос үг байдаг юм.
-Таны өөрийнхөө амьдралаас авдаг сэтгэл ханамж юу вэ?
-Өрсөлдөөн. Би Улаан-Үдэд байхдаа дууны дугуйланд явдаг байсан. Хэдэн сар хичээллэнэ. Нэг л хэвээрээ байдаг. Түүнээсээ болоод ямар ч сонирхолгүй болно. Нэг үгээр хэлбэл, залхаж эхэлнэ. Ийм байдалтай байхад гаднаас нэг хүн ороод ирвэл миний нүд сэргээд, шууд л дуулаад эхэлдэг байсан. Улам гоё дуулахыг хичээнэ. Би ер нь их онгироо хүн. Одоо ч гэсэн хүмүүс намайг гайхдаг байж болох юм. Би “Universe best songs” наадмыг шүүж байхдаа би зарим оролцогчидтой хамт дуулдаг. Үүнийг хараад хүмүүс “Б.Амархүү яах гээд “далчиганаад” байдаг юм бол” гэж боддог байх. Үнэндээ миний дуулдаг дууг хүн дуулахаар би дагаад дуулмаар санагдаад байдаг юм. Биеэ бариад суугаад байвал муухай биз дээ. Тэгээд л би оролцогчидтой хамт дуулдаг. Ер нь бол аливаа юманд хүрэхэд гурван шат байдаг гэнэ л дээ. Эхний ээлжинд хүн юу хүсэх гээд байгаагаа ойлгох ёстой. Дараа нь чин сэтгэлээсээ хүсэх ёстой. Тэгээд тэр хүсч байгаа зүйлээ авахад бэлэн байх ёстой гэнэ. Товчхондоо би дуугаа дуулаад л, түүнээсээ сэтгэл ханамж авч амьдардаг хүн.
-Та дууныхаа шүлгэнд хэр анхаардаг вэ?
-Миний бодлоор дууны шүлгийг шүүмжилж болохгүй. Янз янзын чиглэлийн дуунууд байдаг. Нас, насныхан өөр өөр уран бүтээл сонсч байна. Тэгэхээр миний бодлоор мэдрэмж л чухал. Манайхан дуу бүтдэг зарчмыг дэлхийн стандартаас яг эсрэгээр нь хийдэг. Эхлээд аяа биччихээд дараа нь үг зоогоод байдаг юм. Энэ бол буруу зүйл. Уг нь шүлгэндээ ая тохируулж бичих учиртай. Анхнаасаа буруу бүтсэн дуу бол муу л дуу болно ш дээ. Үнэнийг хэлэхэд, Монголд чанартай уран бүтээл хийдэг хүн тун цөөн байна.
-Тэр цөөн хүмүүсээс нэрлэж болох уу?
-Хөгжмийн найруулгын шилдгүүдийг нэрлэхэд Баярхүү ах, Болорхүү, Гантөр нарыг хэлнэ. Өнөөдөр юу ч хийж чадахгүй байж өндөр үнэ хэлээд сууж байдаг хүн байна. Уран бүтээлийг зөвхөн мөнгөөр бүтдэг зүйл гэж бодоод байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Ер нь шоу бизнест өөрөө өөрийгөө хянаж чаддаг хүн л ажиллаж чаддаг. Өнөө үед мөнгөтэй хүн дуучин болдог болж. Тэд миний хувьд дуучин биш. Харин ард түмний хувьд дуучин байж магадгүй.
-Мөнгөөр дуучин болдог хүмүүсийн тухайд ярихад шоу бизнест байдаг л үзэгдэл үү?
-Яахав, ийм хүмүүс мөнгийг нь өгөөд дуу хийгээд яваад байж болно л доо. Тэд нэг л өдөр ард түмэндээ тайлан тоглолтоо хийх болно. Өөрөөр хэлбэл, тайзан дээр гарах болно. Энэ тохиолдолд дахиад л ард түмнийг хуурах болно байх.
-Дуучид ам барьж ард түмнийг хуурлаа гэсэн шүүмжлэл тасардаггүй. Та ам барьдаг уу?
-Дуучин хүний хувьд ам барих тохиолдол зайлшгүй гардаг. Жишээ нь, Оросын томоохон телевизийн эфирт гарахдаа ам барих болдог.
-Урлагийнхныг хүмүүс баян гэж ойлгодог. Дуугаа дуулаад олсон орлого амьдралд тань хүрэлцдэг үү?
-Би өөрийнхөө дуртай зүйлээ хийж байгаа болохоор түүндээ хөтлөгддөг. Орлогынхоо 20 хувийг л уран бүтээлээсээ олдог. Бас хажуугаар нь жижиг бизнес хийдэг. Би өөрийгөө баян хүн гэж хэлэхгүй. Бас мөнгө их үрээд явдаг хүн ч биш.
-Шинэ жилээр Монголд байсан уу. Халтуур хийсэн л биз дээ?
-Өнгөрсөн шинэ жилийн үеэр Монголдоо байсан. Дажгүй мөнгө олсон шүү.
-Та түрүүн өрсөлдөөнөөс сэтгэл ханамж авдаг гэсэн. Монголд таны уран бүтээлийн өрсөлдөгч хэн бэ?
-Өрсөлдөгч байна. Гэхдээ нэрийг нь хэлэхгүй. Өрсөлдөөн байснаар хүн асар их хурцлагдаж хөгжих ёстой.
-Та МУГЖ С.Жавхлантай хамтран дуулсан. Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Жаахан байхдаа би аав, ээжтэйгээ хүүхдийн 100-ийн тэнд явж байгаад “Хурд” хамтлагийн Цогоо ахтай таарсан юм. Цогоо ах тэр үед халуунд урт үстэй, арьсан хувцастай явж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Би бүр багаасаа л “Хурд” хамтлагийг сонсдог байсан болохоор Цогоо ахтай санамсаргүй таарчихаад сандраад, гар салганаад л... Цаас олдохгүй болохоор нь аавынхаа тамхины цаасан дээр гарын үсэг зуруулж аваад их баярлаж байсан. Үүнээс хойш олон жилийн дараа би “Хурд” хамтлагийнхантай Булган аймаг руу явж тоглолт хийсэн. Тэр цаг хүртлээ би Цогоо ахын гарын үсгийг түрийвчиндээ хадгалж байсан юм. Тэгээд өнөөхөө үзүүлсэн чинь Цогоо ах сонин болж байгаа юм чинь /инээв/. Би ч гэсэн түүнээсээ сайхан мэдрэмж авсан.
МУГЖ С.Жавхлан ахын дууг сонсдог, дуулдаг байсан. Олон жилийн дараа хамт дуулахад сайхан байсан. Гэхдээ нэг их сүрхий догдлоогүй ш дээ. Би Оросын алдарт дуучдын хажууд ч байж үзсэн. Бас л догдлоод сүйд болоогүй. Бүгд л адилхан хүн учраас очиж барьж үзэж гайхаагүй.
-МУГЖ С.Жавхлан та хоёрын хоолой их өөр. Би буруу сонсоогүй бол “Миний нууц хүү” жүжгийн дууг дуулахдаа та өөрийнхөө хоолойг нэлээн дарж дуулсан юм шиг санагдсан?
-Тийм ээ. Хэрвээ та бүхэн боломжтой бол миний орсон тэмцээнийг хараарай. Бүх шатанд нь өөр өөр хоолойгоор дуулсан байгаа. Би С.Жавхлан ахтай дуулахдаа поп маягийн дуулж болохгүй. Аль болох хүнд хүргэх үүднээсээ анхаарч ажилласан. Та зөв сонссон байна. Дууны өнгөний хувьд дарж дуулсан.
-Б.Амархүүгийн бодлоор монгол хүн гэж хэнийг хэлэх вэ. Монгол хувцсаа өмсөөд Монголоороо бай гээд уриалж яваа хүнийг хэлэх үү, эсвэл?
-Таны ярьж байгаа зүйл зөв л дөө. Магадгүй монгол дээл хувцсаа өмсөөд уриалж байгаа нь зөв. Залуучууд яагаад монгол дээл өмсөхгүй байна вэ гэхээр ичдэг юм байна лээ.
-Танд дээл байдаг уу. Өмсөхдөө ичдэг үү?
-Ичдэггүй. Би монгол дээлээ өмсөөд Москвагийн улаан талбай дээр клипнийхээ зурганд ороод явж байсан. Оросууд сонин содон юманд дуртай ард түмэн. Манай Монголын залуусын хувьд их ичдэг юм байна лээ. Би өнгөрсөн жилийн наадмаар орон нутгуудаар явахад залуучуудын зарим нь костьюм өмсчих гээд л байсан.Тэгээд үндэснийхээ хувцсаа өмсөж байвал яасан юм бэ гэсэн бодол төрсөн. Надад гурван дээл байдаг. Хөдөө явахдаа юм уу, баяр ёслолын үеэр өмсөнө. Дээл дулаахан бас өмсөхөд их амар байдаг. Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар заавал дээл өмсдөг. Түүнээс биш өдөр тутам өмсөөд байдаггүй.
-Яагаад өдөр тутам дээл өмсөж болохгүй гэж?
-Өдөр тутам өмсөж болно гэж үү. Тэгвэл хүмүүс жаахан буруугаар ойлгох юм биш үү. Ичих сэтгэл арай биш л дээ. Гэхдээ би өөрийнхөө нэр хүндийг бас бодох хэрэгтэй. Яг үнэндээ намайг шүүмжилдэг хүмүүс юу өмсчихсөн юм бэ гээд л шүүмжлээд эхэлнэ ш дээ.
-Хүмүүсийн шүүмжлэлээс айгаад байгаа хэрэг үү?
-Үгүй ээ, би айгаагүй. Би юунаас ч айдаггүй. Яахаараа би айх ёстой гэж. Энэ бол миний карьерийн чиглэл. Та нар маань намайг монгол дээл өмсүүлчих гээд л байна аа даа. Би дараа танай редакцид уригдахдаа дээлээ өмсөөд ирье.
-Та нэг хэсэгтээ Монголдоо амьдарч уран бүтээлээ хийх үү?
-Үүнийг Монголын ард түмнээс л асуусан нь дээр. Ер нь Монголын ард түмэн намайг эх орондоо байсан нь дээр гэж боддог байхаа. Надад Монголынхоо нэрийг ОХУ-д гаргаад явж байсан нь дээр гэж УИХ-ын олон гишүүн хэлж байсан. Бидний ярилцлагыг уншаад зарим хүн буруугаар ойлгох вий. Эх орноо муу хэллээ, шүүмжиллээ гэж бодож магадгүй. Би Монгол Улсдаа хайртай. Үндсэндээ бол гадаадаас залхаж байна. Эх нутагтаа л амьдармаар байна.
-Оросын соёл урлагийн зах зээлээс таныг шахах оролдлого хийсэн гэдэг нь үнэн юм уу. Нэг үе тийм яриа газар аваад байсан?
-Тийм тохиолдол байсан. Нэг дуучных нь аав бүр тодруулбал, Оросын ардын жүжигчин хүнээс тиймэрхүү зүйл гарсан. Би тэр хүнд гомдсон. Тэгээд тэмцэх хүсэл төрсөн. Улаан-Үдэд амьдарч байхдаа би дөрвөн бааранд амралтын өдрүүдэд бас пүрэв гарагт дуулдаг байсан юм. Тэр үед Улаан-Үд мафиараа алдартай байлаа. Азаар би тэндэхийг атгадаг аматануудтай нь танилцсан байсан л даа. Би тэмцээнд оролцохдоо Буриад улсаас оролцогч монгол залуу гэж явж байсан юм. Ийм нэрийн дор тэмцээнд оролцохдоо тэдгээр хүмүүсээс ихээхэн дэмжлэг авсан. Хүмүүс чинь гоё сэтгэлээрээ байдаг юм шүү дээ. Харамсалтай нь тэр үеийн хотын дарга надад хотын төвд хоёр өрөө байр амлачихаад өгөөгүй л дээ. Анх байр амлахад нь би маш их баярласан. Аав, ээжийгээ байртай болгох нь гэж хөөрөөд уйлж билээ. Тэгсэн өнөөх хотын дарга нэг өдөр чихэнд минь “Миний хүү чи чинь Оросын иргэн биш юм байна шүү дээ” гэж хэлсэн. Нэг үгээр хэлбэл, би Оросын иргэн биш учраас тэр хүн надад амласан байраа өгөөгүй. Ийм зүйл болсныг Улаан-Үдийг атгадаг гарууд мэдсэн юм шиг байгаа юм л даа. Нэг өдөр намайг дуудаад тэр хотынхоо томоохон бизнесменүүдийг цуглуулаад “Манай Буриад улсын нэрийг гаргаж өгсөн хүн. Энэ хүүхдэд тусла” гэсэн. Тэгээд тэр оройдоо би гурван өрөө байрны мөнгө бэлнээр нь авч байсан. Маргааш нь хотын төвд гурван өрөө байр авч аав, ээж хоёртоо өгсөн дөө. Намайг хоёрдугаар шатанд тэнцээд байхад “Ахын дүү одоо болно. Энэ чинь их амжилт. Жаахан хойшилчих. Миний охиныг урдуураа оруулчих” гэж хэлж байсан хүн ч байгаа.
-Монголд гадны хэн нэгэн ирээд хамаг байдгийг нь хамж аваад, уралдаан тэмцээнд нь түрүүлээд байвал та оросууд шиг бачуурахгүй гэж үү?
-Аав маань Буриад улсад очоод циркийг нь байгуулж өгсөн юм. Цирк байгуул гээд л тушаачихсан байгаа юм. Аав бас тэр циркэд шидэлттэй акробатын үзүүлбэрийг бэлдсэн. Тэгсэн эхний тоглолт дээр нь хамгийн доод талд зогсох ёстой байсан залуу айгаад зугтчихсан юм билээ. Аав тэр хүний оронд өнөөх номерт нь гарч байсан. Монголчууд ингээд өөр орнуудад юм хийгээд гараад явчихаар гадныхан орж ирэлгүй яах вэ. Би бол Монголд орж ирж юм хийж байгаа хүмүүсийг дэмжинэ. Гэхдээ Рагу шиг балиар зан гаргаж болохгүй. Хүмүүс түүнийг энэтхэг хүн гээд хайрлаад байсан. Харин түүний “Fuck you Mongolia” гэж хэлсэн нь миний дургүйг маш их хүргэсэн. Би түүнд “Fuck you Рагу” Монгол чамайг талхны чинь мөнгөтэй явуулсан шүү гэж хэлмээр санагдсан.
-Та хоёрын дунд юунаас болж хагарал үүссэн юм бэ?
-Янз янзын юм байсан. “Universe best songs” тэмцээний үеэр 16 настай хүүхэд гарч ирж байна л даа. Тэр хүүхэд өмнө нь тайзан дээр гарч үзсэн биш микрафоноо хэрхэн барихаа яаж мэдэх вэ дээ. Тэгэхэд Рагу “Чи “Чингис”-ээс 100 грамм татаад ороод ирэв үү. Муу коммунист” гэж загнаж болох уу. Тэр чинь хүүхэд шүү дээ. Энэ мэт зүйлээс болж би түүнтэй олон удаа хэрэлдсэн.
-Рагугийн яриад байсан шиг Монголын урлагт үнэхээр “мафи” бий юу?
-Мэдэхгүй. Хэрвээ тийм зүйл байсан бол намайг яагаад дарамтлахгүй байгаа юм бол. Монголчууд их сонин сэтгэлгээтэй хүмүүс. UBS телевизэд гал гарахад тэр мэдээний сэтгэгдэл дээр “Хүүхдүүдийг шулж байгаа юм чинь болж”, “Хүүхдүүдийн авьяасаар баяжиж байгаа хүн” гэх мэтээр Балхаа ах руу дайрсан байна лээ. Балхаа ах хүүхдүүдэд их боломж олгож байгаа хүн гэдгийг би энд онцломоор байна. Бүтэн дөрвөн жилийнх нь сургалтын төлбөрийг нь даагаад гадаадад сургана гэдэг хэн хүний хийж чадах ажил биш. Өнөөдөр 70 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн Монголд болж байсныг би лав мэдэхгүй. Балхжав ах дуучидтайгаа ярилцаж байж уран бүтээлээ хийдэг. Би тэр хүнийг хүндэлдэг. Ийм хүнийг элдвээр бичихээр нь би гомдсон. Хэрвээ энэ тэмцээн байхгүй байсан бол хэн энэ олон хүүхдийн авьяас чадварыг ил болгож, урамшуулж, урам өгч дэмжих байсан бэ.
-Та “Universe best songs” наадмын шүүгчээр ажиллахдаа хэдэн төгрөгийн гэрээ байгуулсан бэ?
-Мэдээж нууц. Аль аль талын хамтын ажиллагааны итгэлцэл байгаа. Гэхдээ боломжийн. Сэтгэл хангалуун байгаа шүү. Би дээр орлогынхоо 20 хувийг л уран бүтээлээсээ олдог гэж хэлсэн. Манайд ОХУ шиг зах зээл алга байна шүү дээ. Би бас зарим байгууллагын нүүр царай болж, реклам сурталчилгаанд тоглож орлого олдог. Тухайлбал, би “Төрийн банк”-ны элч дуучин. Ер нь надтай хамтарч, дэмжиж ажилладаг хүн олон байгаа.
-Та архи, тамхины хэрэглээний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би тамхи ерөөсөө татдаггүй. Архины хувьд бол ууж чаддаггүй. Аав маань ч гэсэн архи ууж чаддаггүй. Орост өссөн хүнийхээ хувьд би пиво уудаг. Хөлбөмбөг үзээд загастай пиво уугаад суух ч бас сайхан шүү. Хүн гутарсан үедээ архи, пивоноос аль болох хол байх хэрэгтэй.
-Б.Амархүү хэр халамжтай найз залуу вэ?
-Хичээдэг. О.Ариунзул мэдэж байгаа байлгүй.
-Найз бүсгүйдээ сарнай олон бэлэглэсэн байх л даа. Нэг талаас хайр сэтгэлээ илэрхийлж байгаа ч, нөгөө талаар тэр цэцэг үхэх болно. Үүнд та эмзэглэдэг үү?
-Манай ээж цэцгийг сайн арчилдаг. Цэцгийн дэлгүүртэй, нямбай хүн. Би цэцэг арчлахдаа ээж шигээ сайн биш. Ээж маань надад мөнгөний цэцэг гээд нэг цэцэг бэлэглэсэн. Тэр бүр услаад байж чадахгүй ч ургаад л байгаа. Мөнгөний цэцэг удаан үхдэг гэсэн. Цэцэг бэлэглэх тухайд бол би тэр цэцгийг гундах шалтгааныг нь тариагүй. Энэ хүмүүс чинь яасан хэцүү болчихсон юм бэ. Би саяхан найз бүсгүйдээ шуб бэлэглэсэн. Гэтэл манай найзууд амьтан "алсан" гэж шүүмжилсэн. Тэгсэн одоо та нар цэцгийг “булаагаад” авчихаар яах болж байна вэ /инээв/.
-Хүмүүсийн хувьд цэцэг бол баяр баясгалан бэлэглэдэг ургамал. Зарим хүн богино настай гээд хайртай хүндээ бэлэглэхийг таашаадаггүй юм шиг байгаа юм?
-Тийм байх. Миний бодлоор хүн хайр мэдрэлгүй 90 жил амьдарснаас хайр мэдрээд, хоёр хүүхэдтэй болоод 30 жил амьдарсан нь дээр санагддаг.
-Та хэдэн хүүхэдтэй болохоор төлөвлөж байна вэ?
-Манай “Пример министр” хамтлагийнхан нэгээс хоёр охинтой хүмүүс. Миний хувьд энэ жил төлөвлөсөн юм алга. Энэ жил ажлаа зохицуулна гэж бодож байна. Бас манай хүн залуу байна. О.Ариунзул надаас таван насаар дүү. Бас моделийн бизнес нь дөнгөж эхэлж байна. Саяхан эхнийхээ том гэрээг дуусгасан. Өмнөө тавьсан том зорилго бий.
-Найз бүсгүй тань гомдчихвол та гомдлыг нь яаж тайлдаг вэ?
-Хэд хэдэн арга байна аа. Эмэгтэй хүн чихээрээ хайрлаж, эрэгтэй хүн гэдсээрээ хайрладаг гэж байгаа шүү дээ. Эрэгтэй хүний хувьд бол гэр орон нь сайхан цэвэрхэн байхад сэтгэл санаа нь өөдрөг байдаг юм шиг байгаа юм. Харин эмэгтэй хүн дэлгүүр хэсэхээрээ үүнийг авах юм сан гэж боддог юм шиг ээ. Хамт явж байхдаа шохоорхоод байгаа зүйлийг нь, авах юм сан гэж хэлсэн үгийг нь тэр үед нь битгий тоо. Сонсоогүй юм шиг явчих. Харин дараа нь аваад өгчих. Тэд их баярлана. Энэ бол бэлгээр “зодож” байгаа зүйл огт биш шүү. Чамайг би анзаардаг, хэлсэн үг бүрийг нь чинь сонсдог гэсэн дүүрэн сэтгэлийн илэрхийлэл юм.
-Б.Амархүү хэр спортлог хүн бэ?
-Циркчин удамтай юм чинь спортоор хичээллэнэ ш дээ. Өдөрт хоёр км гүйгээд хөлсөө гаргадаг. Тэгэхгүй бол Монголын нөхцөлд шимтэй мах, өөх их идэж байгаа юм чинь илүүдэл жинтэй болно. Би монгол бүсгүйчүүдийг магтмаар санагддаг. Хоол хүнс ч яах вэ. Энэ уур амьсгал, шороо, бороон дунд царай зүсээ арчлаад сайхан авч яваад сурчихсан юм байна лээ.
-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ. Нүүрээ буддаг уу?
-Миний арьс их эмзэг болохоор арчлах хэрэг гардаг. Гэхдээ өөрөө л арчилдаг. Арьсаа олон ч эмчид үзүүлсэн. Бүгд л надад зөвлөгөө өгч, тос санал болгодог. Ээжээсээ илүү олон тостой болчихоод л сууж байна даа. Нүүрээ буддаггүй ээ. Би нүүрээ “гаа”-гаар угаагаад сэнгэнэсэн сайхан мэдрэмж авах дуртай. Аль болох энгийн, чөлөөтэй байхыг хүсдэг. Монголын залуус эмэгтэйчүүдээсээ илүү гоёх дуртай байдаг юм билээ. Энэ нь буруу биш ч бас хэтрүүлж болохгүй ээ.
-Монгол эр хүнийхээ хувьд морь унаж, бөх барилдана биз?
-Манай өвөө аймгийн арслан хүн. Тиймээс би өөрийнхөө хэмжээнд л барилддаг гэж боддог шүү. Би нэг удаа Бөхийн өргөөнд бөх үзсэн. Түүнээс хойш гэртээ цайгаа уугаад, бөхөө зурагтаараа үзсэн нь дээр юм байна гэдгийг ойлгосон. Морь унах дуртай. Монголчууд соёолонгийн тоосонд орж хийморио сэргээнэ гэж ярьцгаадаг. Нэг удаа наадмаар соёолонгийн уралдаан дуусч байхад очсон. Гэхдээ би тоосонд даруулаад хийморь сэргэнэ гэдэгтэй санал нийлдэггүй. Би хийморио сэргээе гэж бодвол ээждээ очоод мөргөчихдөг. Ан авлах сонирхол байхгүй. Дургүй гэж хэлж болно. Ан хийж байгаа хүмүүстэй хамт салхинд гарах зорилгоор явдаг. Буу бариад бай буудаж чадна.
-Улаанбаатарт амьдарч байгаа монгол эрчүүд шинийн нэгний өглөө “Хийморийн овоо” руу явцгаадаг. Та “Хийморийн овоо”-нд очиж байв уу?
-Найзуудтайгаа нэг удаа хамт явсан. Их даарсан. Гэхдээ олон хүмүүсийн энергид гоё байсан.
-Дуучин Б.Амархүү хэр их шүтлэгтэй хүн бэ?
- Бурхан багшаа шүтдэг. Нүгэл хийхгүй, хүн гомдоохгүй юмсан гэж боддог. Сэтгэлд цөвтэй зүйл тулгарвал ном уншуулчихдаг. Зорьж очдог лам багш бий.
-Бөө дээр очиж үзсэн үү?
-Манай гэр бүлд байдаг л даа. Эхлээд жаахан гайхсан. Айсан. Янз бүрийн мэдрэмж төрсөн шүү. Хамгийн гол нь хүний өдөр тутмын амьдралд шүтлэг байх ёстой гэж боддог. Гэхдээ шүтлэгийг “мода” болгож ашиглах нь дэмий зүйл.
-Таны бодлоор шивээс яг юу вэ. Таны шивээсүүд ямар утга учиртай вэ?
-Шивээс бол ямар нэгэн сурталчилгаа биш. Би хар багаасаа хөгжим сонсож өссөн л дөө. Тэгээд хөгжимтэй холбоотой шивээс хийлгэсэн. Мөн театрын маск шивүүлсэн. Олон нийтийн танил хүнийг хамгаалдаг зураг /заав/ байна л даа. Бас өргөстэй сарнай. Майкл Жексоны төрхийг шивүүлсэн. Би түүний дууг багаасаа сонсож өссөн юм.
-Та хэр их бухимддаг вэ. Бухимдсан үедээ яаж тайвширдаг вэ?
-Би долоон жилд л нэг удаа бухимддаг юм шиг байгаа юм. Анх дурлаад, дурлал маань бүтэлгүйтээд сэтгэлээр унаж байсан. Долоон жилийн дараа гадаадад амьдрахаас залхаад олон хүнд мэдэгдэлгүй Монголдоо ирж тайвшраад буцсан даа. Үүнээс хойш одоо гурав дахь жил нь болж байна. Дөрвөн жилийн дараа дахиад л “дампуурна” байх даа. Давтамж нь яг долоон жилээр яваад байдаг юм.
-Б.Амархүү нэрд гараад үеэ өнгөрөөсөн хамтлагт орсон гэсэн шар мэдээ гарч байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Яалаа гэж тийм юм байх вэ дээ. Манай хамтлагийн жилийн орлого цэвэр хоёр сая ам.доллар гээд бод л доо. Хэр хамтлаг вэ гэдэг нь жилийн орлогоосоо л тодорхой харагдаж байгаа биз дээ. Тийм шар мэдээ тарсанд харамсаж байна. Оросууд намайг “Манай иргэн бол” гэж дөрвөн жил зовоосон. Би болоогүй. Би Монгол Улсдаа хайртай. Гэхдээ гомдсон юм бас байгаа. Орост анх очоод хэцүү байсан. Байр хөлслөх мөнгө байхгүй. Хүүхэд байсан болохоор дэлгүүрээс банш авлаа гэхэд давсаа мартах жишээний. Зарим үед давс авъя гэж бодсон ч мөнгөгүй байдаг байлаа. Өнгөрсөн жил би покер тоглодог тэмцээнд ороод түрүүлээд машинаар шагнуулсан юм. Тэгээд машиндаа дугаар авах гээд Элчин сайдын яамандаа хандсан. Тэгсэн надад номер өгөөгүй. Дипломат номер өгчихвөл намайг сахилгагүйтнэ гэж бодсон юм шиг байна лээ. Тэгээд би аргаа бараад Монгол руу нэг сайд руу ярьж учир байдлаа хэлсэн. Тэр сайд Элчин сайдын яам руу яриад тэгээд би номер авсан. Тэгэхэд би үнэхээр их гомдсон. Би тэр хүмүүсээс мөнгө гуйгаагүй шүү дээ.
-Үүнээс улбаалаад энэ цаг үеийн томоохон улс төрчидтэй найз байх ёстой юм байна гэж бодоход хүрсэн байх нь ээ?
-Найз гэхээсээ илүү сайхан ах, дүүс болсон хүмүүс байгаа.
-Тэднийхээ ач буянг хааяа ашиглана биз?
-Боломж гарвал өөрөө л зүтгэдэг. Хүнээс нэг юм гуйчихаад дараа нь нүд рүү нь харах хэцүү шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч манай редакцид зочилсон танд баярлалаа. Уран бүтээлийн их амжилт хүсье!
-Танай сайтын хамт олонд маш их баярлалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон болсон өнөө үед зохиож бичдэг хүмүүс их байдаг юм шиг санагддаг. Түүнээс нь болж настай хүмүүсийн даралт ихсэх зэрэг асуудал гардаг юм байна. Та бүхэн намайг урьж ярилцсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Удахгүй гарах цомгийн маань баярт хүрэлцэн ирээрэй. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
Б.Амархүү: “Миний хүү чи чинь Оросын иргэн биш юм байна шүү дээ” гэсэн | ||
Үзсэн: 23705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.