![](/uploads/201405/news/thumb/90facfd073e6db36dbf372249f0407de_x3.jpg)
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 54/115 тоот тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сард Бурхан багшийн дүйчин өдрийг НҮБ-ын Төв байранд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Бурханы шашинтай Азийн орнууд тавдугаар сарын 13-ны өдөр Бурхан багшийн дүйчин өдрийг НҮБ-ын Төв байранд тэмдэглэж, уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга В.Аше, НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны Тусгай төлөөлөгч Н.А.Аль Нассир, БТГ-ын ажилтнууд, шашны зүтгэлтнүүд зэрэг 600 гаруй хүн оролцсон байна.
Бусдын сайн сайхны тусын тулд аливаа нүглийг тэвчих, сайн үйлсийг дэлгэрүүлэх, өршөөн нигүүлсэх сэтгэлийг номлодог Бурханы шашин нь олон жилийн түүхтэй бөгөөд хүн төрөлхтнийг гэгээрүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулж байгааг үг хэлсэн төлөөлөгчид онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч уг арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ бурхан багшийн дүйчин өдөр нь бурханы шашныг шүтэгч олны хувьд ихээхэн чухал ач холбогдолтой өдөр болохыг онцлоод, монгол түмэн энэ өдөр хийсэн буян бүхэн хэд дахин дэлгэрэн арвиждаг гэж билэгшээдгийг тэмдэглэв. Мөн тэрээр бурхан багшийн сургаал нь бусдыг хүндэтгэх, ёс суртахуунтай байхыг дээдэлдэг зэрэг олон чухал үзлийг номлодог нь тэнцвэртэй, тэгш, тогтвортой нийгмийн хөгжлийг цогцлооход чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
Уг арга хэмжээний үеэр бурхан багшийн дүйчин өдрийг манай улсад хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар богино хэмжээний видео бичлэгийг үзүүлсэн байна.
Бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ | ||
Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.