Шууд Chart

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар хэлэлцүүлэг хийнэ

2021-06-21 15:33:18

УИХ-ын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Монголын хуульчдын холбоо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай” 38 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл нь УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл дээр суурилсан бөгөөд төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн нэгдсэн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгагдсан. 

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулах бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, захиргааны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, хуульч, өмгөөлөгчид оролцоно.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй ЭНД  дарж танилцана уу. 


Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар хэлэлцүүлэг хийнэ   
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй