Монгол Улс-Европын Холбоо (ЕХ) хоорондын Хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо Монгол Улс-ЕХ хоорондын Амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний асуудлаар хоёр талын зөвлөлдөх механизм байгуулахаар тохирсны дагуу албан ёсны анхдугаар уулзалтыг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Монгол Улс ЕХ руу экспортлох амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүний жагсаалтыг 2020 онд Европын Комисст хүргүүлсэн. Тухайлбал, чацаргана, чацарганын бүтээгдэхүүн, хонины ноосоор хийсэн био бордоо, хушны самар, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс шир, ноос, утас, даавуу, сарлагийн хөөвөр, торомны ноос мөн дайвар мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, өлөн гэдэс болон бусад бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд экспортлох, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа болно.
Амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний асуудлаар хоёр талын зөвлөлдөх уулзалтаар ЕХ-ны зах зээлд дээрх бүтээгдэхүүнийг экспортлоход тавигдах шаардлага, холбогдох журмын талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах, экспортод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх юм.
Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас ГХЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, ГЕГ, МХЕГ-ын асуудал хариуцсан албан тушаалтнууд, айлын талаас ЕХ-ны Төлөөлөгчийн газрын тэргүүн Элчин сайд, Европын Комиссын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын ерөнхий газрын асуудал хариуцсан албан тушаалтнууд мөн Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн багийн төлөөлөл 30 орчим хүн оролцов.
Зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам хийх бөгөөд эхний ээлжинд ЕХ-ны зах зээлийн шаардлагын дагуу өлөн гэдэс, зөгийн бал дахь эм, пестицитийн үлдэгдлийн хянах төлөвлөгөөг боловсронгуй болгох, мөн чацаргана, хонины ноосоор хийсэн бордоо зэрэг зарим бүтээгдэхүүний экспортод тавигдах эрүүл ахуйн шаардлагыг тодорхой болгож ажиллахаар тогтов.
Монгол Улс, Европын холбоо хоорондын амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний асуудлаар зөвлөлдөх уулзалт болов | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.