Шууд Chart

Эдвард Сноудены ОХУ-д түр орогнох хүсэлт биеллээ олох уу?

2013-07-17 09:54:24

Эдвард Сноуден ОХУ-аас албан ёсоор түр орогнол хүссэн талаар тус улсын цагаачлалын албанаас мэдээлсэн байна.
 
Одоогийн байдлаар АНУ-ын тагнуулын байгууллагын нууц мэдээллийг задруулсан  IT ажилтан Эдвард Сноуден өдгөө Москвагийн Шереметьево олон улсын нисэх онгоцны буудлын тусгай хэсэгт амьдарч байгаа аж.

ОХУ-ын хуулийн дагуу түр хугацаанд орогнох зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгодог бөгөөд энэ журмаар бол  Эдвард Сноуден жил бүр 12 сараар тус хугацааг сунгах эрх эдэлж болох юм байна.
 
АНУ-тай найрамдалт харилцаагаа таслахгүйн тулд дэлхийн олон улс Эдвард Сноудены орогнох хүсэлтэд туйлын болгоомжтой хандаж байгаа энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч эл асуудлын талаарх байр сууриа илэрхийлээд амжсан.
 
Тэрбээр Эдвард Сноудены орогнох хүсэлт манай улсын хувьд асуудал болгоод байх зүйл  биш бөгөөд  “АНУ-д халтай нууц мэдээллүүдийг задруулж Москва, Вашингтоны харилцаанд сэв суулгах ёсгүй”  хэмээн мэдэгдсэн юм.
 
"Гар утсыг нь хүртэл чагнадаг АНУ-ын иргэн баймааргүй байна" хэмээн мэдэгдэж,тус улсын нууц мэдээллүүдийг задруулж эхэлсэн   Эудард Сноуден ОХУ-ын олон нийтийн танхимын өмгөөлөгч Анатолий Кучеренаар дамжуулан  орогнох  хүсэлтээ албан ёсоор уламжилсан байна.

Анатолий Кучерен энэ талаар мэдэгдэл хийхдээ “Эдвард Сноуден Шереметьево онгоцны буудлыг орхиж явах эрхгүй байсан тул Цагаачлалын албанаас төлөөлөгч очиж түүнд анкет бөглөх, өргөдөл бичих тухай заавар өгч, цагаачлалын байгууллагад шилжүүлсэн” хэмээжээ.

Өргөдлийг хүлээн авсны дараа Эдвард Сноуденыг түр хугацаанд орогнох хүсэлтийг батлах хүртэл түүнд оршин суух эрхтэйг илтгэсэн баримт бичиг олгоно. Түүнд түр хугацаанд орогнох эрх олгох эсэхийг  ойрын гурван сард багтааж шийдвэрлэх аж.

Гэвч одоогийн байдлаар Эудард Сноудены ОХУ-д түр орогнох хүсэлт биеллээ олох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд олон улс чимээгүй ажиглаж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эдвард Сноудены ОХУ-д түр орогнох хүсэлт биеллээ олох уу?  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй