![](/uploads/202106/news/thumb/b8ca710a03f2d72ec036305c271609fa_x3.jpg)
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл, Монголын чөлөөт зохиолчдын эвлэл хамтран үндэсний зохиолч, яруу найрагчид, шүүмж судлаачдын дунд утга, уран зохиолын шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна.
Энэхүү уралдааны зорилго нь түүхэн ялалт авч ирсэн 1921 оноос хойших 100 жил Монгол Улс тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа бататган хамгаалж, үндэстний хувьд сэргэн мандаж, нийгэм, улс төр, эдийн засгийн бүх салбарт их бүтээн байгуулалт өрнүүлсэн ололт амжилт, хөгжил дэвшлийн түүх, Монголчуудын туулсан бартаатай боловч бахархам амьдралын замналыг уран сайхнаар туурвин илэрхийлэх,шинэ уран бүтээлч, залуу авьяастныг тодруулах, XXI зууны Монголын уран зохиол, түүний сан хөмрөгийг шилдэг бүтээлээр баяжуулахад оршиж байгаа юм.
Мөн соён гэгээрүүлэх, үндэсний бахархал төрүүлэх, 1921 оны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ач холбогдлыг тусган илэрхийлсэн утга агуулгатай, эх хэлний яруу найруулга, уран дүр, өвөрмөц дүрслэлийн өндөр хэмжээнд бичигдсэн, уран сайхны шинэ нээлт болохуйц бүтээл туурвилыг олшруулах, шилдгийг шалгаруулах, орчин цагийн Монголын уран зохиолын хөгжлийг дэмжих үүднээс тухайн сэдэвт хамаарах бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих, зохиолч, яруу найрагчдын туурвин бүтээх үйлсийг өргөмжлөн урамшуулах,шилдэг бүтээлийг үнэлж цэгнэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тавьж байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь эх орон, тусгаар тогтнол, хүний эрхэм дээд зан чанар, ёс зүйг дүрслэн үзүүлсэн, шинэлэг, уран сайхны үнэ цэнтэй байх, 100 жилийн түүхэн үйл явдлыг үнэлж дүгнэх бус, уран сайхны сэтгэлгээ, нээлт, ур чадвар, зохиомж, найруулга, үйл явдал, учир зүй, дүр дүрслэлийн өндөр төвшинд эх хэлний дээд найруулгаар, хэлзүйн алдаа мадаггүй бичигдсэн байх шаардлагатай гэнэ.
Мөн шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, роман болон хүүхдэд зориулсан жүжгийн зохиол нь нийтийн хүртээл болоогүй байх, уран зохиолын шүүмжийн төрөлд ирүүлэх бүтээл нь үндэсний уран зохиолын бүтээлүүдэд онолын үндэслэл, шүүмжлэгчийн байр сууринаас бодитой хандсан, зөв зүйтэй үнэлэлт, задлан шинжлэл, тайлбар бүхий шинэ болон сүүлийн гурван жилийн хугацаанд ном, сонинд зэрэгт хэвлэгдсэн байж болх аж.
Уралдааныг туурвил зүйн онцлогоос нь шалтгаалж:
Нэг. Яруу найргийн төрөл: Шүлэг, найраглал
Хоёр. Үргэлжилсэн үгийн төрөл: Өгүүллэг, тууж, роман
Гурав. Хүүхдэд зориулсан жүжгийн зохиол
Дөрөв. Уран сайхны шүүмжийн бүтээл гэсэн үндсэн дөрвөн хэсэгт нийт долоон ангиллаар зохион байгуулж, мэргэжлийн шүүгчдийн баг дүгнэн шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.
Шүлэг, найраглал, өгүүллэгийг ирэх долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны хооронд хүлээн авах аж.
Яруу найргийн төрөлд нэг яруу найрагч гурав хүртэлх шүлгээр оролцож болох бөгөөд тухайн бүтээлээ бичвэр буюу файл хэлбэрээр мөн өөрөө уншсан дүрстэй бичлэгийг уралдааныг зохион байгуулах газарт илгээх аж.
Найраглалын төрөлд нэг яруу найрагч хоёр хүртэлх найраглалаар оролцож болох бөгөөд уралдааныг зохион байгуулах газарт тухайн бүтээлээ бичвэр буюу файл хэлбэрээр илгээхээс гадна цаасан эхийг нэг хувь хэвлэж ирүүлнэ.
Өгүүллэгийн төрөлд нэг зохиолч гурав хүртэлх бүтээлээр оролцох бөгөөд бүтээлээ бичвэр буюу файл хэлбэрээс гадна тухайн бүтээлийг уран уншигчаар уншуулсан дүрс бүхий бичлэгийг илгээнэ. Бичлэг хэлбэрээр илгээсэн бүтээлүүдийг ирсэн дарааллын дагуу ЗГХА Соёл, урлагийн газрын пэйж хуудсанд байршуулж нийтийн хүртээл болгох юм байна.
Тууж, роман, хүүхдэд зориулсан жүжгийн зохиол, шүүмж судлалын бүтээлийг ирэх аравдугаар сарын 20-22-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авах аж.
Тууж, роман, хүүхдэд зориулсан жүжгийн зохиол, шүүмж судлалын төрөлд нэг зохиолч, шүүмж судлаач нэг бүтээлээр оролцох бөгөөд бүтээлээ бичвэр буюу файл хэлбэрээр илгээхээс гадна 1 хувь цаасан хэлбэрээр зохион байгуулах газарт ирүүлэх юм байна.
Үүний дараа уралдаанд оролцогчдын эх бүтээлийг архивлан хадгалж, ном, контент болгож нийтэд хүргэх гэнэ.
Утга зохиолын шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.