![](/uploads/202107/news/thumb/fc8209bf120b2dd6fc64aa94a742e314_x3.jpg)
Хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлага техник технологийн дэвшилтэй шууд хамааралтай явагдаж, энэ хувьсал дунд инженерийн салбараа тэргүүнд тавьсанаар дэлхийн хөгжлийг тодорхойлж байдаг.
Ийнхүү инженерчлэлийн үсрэнгүй хөгжил дунд Азийн оюутан залуус цуглан ярилцаж, бие биенээсээ суралцаж, халуун дулаан сэтгэлээр нөхөрсөг өрсөлддөг тэмцээн бол “ABU РОБОКОН” юм.
Эндээс л хамгийн өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй инженерүүд төрөн гардаг.
МҮОНТ нь 2003 оноос инженерийн чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутан залуусын дунд “Үндэсний Робот”-ын тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм.
Энэ жилийн тэмцээнийг ҮБХИС-ийн “Спорт цогцолбор”-т энэ сарын 2-нд амжилттай зохион явууллаа.
Дэлхий даяар тархаад байгаа коронавирусний халдварт өвчний тархалтын байдлаас хамаарч ихэнх улс орнууд дотоодын тэмцээнээ онлайн хэлбэрээр хийгээд байна.
Тиймээс, энэхүү онлайн тэмцээн нь жинхэнэ тэмцээний үеэр хэрэглэдэгтэй ижил роботуудыг ашиглах хэдий ч тоглоомын талбар болон дүрмийг хялбаршуулсан байдаг.
Тэмцээний агуулга нь МЭӨ770-476 оны үед БНХАУ-д гадны улс орноос ирсэн гийчин зочдоо цэнгүүлэхээр “Саванд сум харвадаг” уламжлалт тоглоомыг тоглуулдаг байжээ.
Энэ ёслол уламжлалаас сэдэвлэн энэ жилийн “Робокон-2021” дүрмийг боловсруулсан юм.
Тоглолт үргэлжлэх гурван минутын хугацаанд оюутан залуус хийж бүтээснийхээ үр шимийг харуулж чадлаа. Хөл хориотой боломж хязгаарлагдмал байсан энэ хугацаанд залуус зургаан сарын хугацаанд хичээнгүйлэн ажилласны үр дүнд өөрсдийн роботоороо өрсөлдөж нөхөрсөг тоглолт хийлээ.
Сэтгэл зүрх, ухаан билгээ дайчлан өрсөлдсөн ШУТИС-ийн МХТС болон ҮБХИС-ийн оюутан залууст баяр хүргэе.
Ийнхүү тоглолт сонирхолтой байдлаар өрнөж ШУТИС-ийн МХТС-ийн “Цахим алт” баг тэргүүн байранд ҮБХИС-ийн “Аравт” баг дэд байранд орлоо.
Энэ жилийн Үндэсний аварга баг Монгол Улсаа төлөөлөн БНХАУ-ын Жумод болох Олон улсын робокон тэмцээнд оролцох эрхийг авлаа. МҮОНРТ Робокон тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж эхэлснээс хойш 6000 гаруй оюутан залуус оролцжээ.
Зохион байгуулагчид “Энэ залуус өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт мэргэшсэн шилдэг инженерүүд болон ажиллаж байгааг хараад бид үнэхээр их баярладаг. Аливаа улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч бол инженерүүд. Бид цаашдаа ч Робокон тэмцээнийг үргэлжлүүлэн хийсээр байх бөгөөд өөр олон төрлийн инженерийн салбарыг дэмжсэн нэвтрүүлгүүдээ нэмэгдүүлэхээр бодлогодоо тусган ажиллаж байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын зорилтуудад инженерчлэлийн хөгжлийг тодорхой тусгасан байдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд МҮОНРТ оройлон оролцох үүрэгтэй. Монголд нэг ийм хэлц байдаг. “Дараа жилийн наадам ч хол байна даа” гэж. Харин бидэнд дараа жилийн “Робокон-2022” ойрхон байгаа шүү залуусаа” гэв.
ШУТИС-ийн МХТС-ийн “Цахим алт” баг “Робокон-2021”-д тэргүүллээ | ||
Үзсэн: 1960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.