УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы энэ сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг сонсов. Засгийн газраас өнгөрсөн сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулжээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим саналын томьёолол бэлтгэн санал хурааж шийдвэрлэжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав. Ингээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж дэмжсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжив. Иймээс хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ.
| Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулна | ||
| Үзсэн: 1637 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.