МАН-аас өчигдөр мэдэгдэл гаргаж, хүний эрх, төрийг тоглоом болгож буй эрх баригчдыг буруутгаж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Харин мэдэгдлийг өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулах юм байна.
МАН-ын мэдэгдэлд, “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа бүрэн баталгаажуулж, иргэдээ алагчлалгүй, эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хуулиас гадуур үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлалгүй эрх тэгш хандах зарчмыг ард түмний үнэт зүйл байх ёстой гэж Монгол Ардын Нам хатуу баримталсаар ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид шударга хуулийн засаглалыг уландаа гишгэж, хариуцлагын тогтолцоог устгалаа. Бас хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэж, хагарал талцал айдас хүйдсээр нийгмийг дүүргэж байгаа нь сүүлийн үед болсон үйл явдлууд харуулж байна. Төрийн сайд нарын алдаа завхрал хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж төрийн хямрал бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст хүний амь сэмэрхий хадагны үнэгүй болж хариуцлага ярих чадваргүй төртэй, үгсэн хуйвалддаг удирдагчидтай өрөнд баригдсан орон боллоо. Эрх баригч намуудын хоорондын зөрчил тэмцэл, яам, салбар бүрт өрнөж эцэс сүүлдээ Улсын Их Хурлын үйл ажиллагааг хоёр сар орчим хугацаанд үр дүнгүй зүйл хэлэлцэхэд хүргэсэн эрх баригч Ардчилсан нам, МАХН-ыг төрөөр тоглох үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Түүнчлэн хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж, улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүр болгон “нохойд барьдаг мод” мэт ашиглах хандлага хэрээс хэтэрч эцэс төгсгөлд нь цагдаагийн урьдчилан хорих төвд хүний амь эрсдлээ. Шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягт мэдэгдэл хүргүүлнэ | ||
Үзсэн: 1416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.