Аюулгүй байдлын Дөрвөн талт яриа хэлэлцээ буюу КУАД эвслийн дөрвөн улс АНУ, Япон, Энэтхэг, Австралийн эрх баригчид дэвшилтэт технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсноо зарлалаа. Өөрөөр хэлбэл дэвшилтэт технологийн салбар дахь Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг хязгаарлахаар Ази Номхон далайн “дөрвөл” буюу КУАД эвсэл зарчмын тохиролцоонд хүрчээ.
Тодруулбал, Хиймэл оюун ухааны асуудлаарх Үндэсний аюулгүй байдлын хорооны Олон улсын дэвшилтэт технологийн дээд хэмжээний уулзалт мягмар гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болжээ. Уг дээд хэмжээний уулзалтад КУАД эвслийг бүрдүүлдэг АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн засгийн газрын сайдууд оролцсон байна. Тэд хиймэл оюун ухаан болон өндөр хурдны 5жи сүлжээ зэрэг дэвшилтэт технологийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийг хэлэлцсэн байна.
Энэ үеэр Цагаан ордны Шинжлэх ухаан технологийн бодлого хариуцсан захирал Эрик Лендер “хиймэл оюун ухаан бол дамжуулагч технологи. Энэ технологи шинжлэх ухаан, эдийн засаг, хүн төрөлхтөнд асар их боломж олгож байна. КУАД эвслийн дөрвөн улс дэвшилтэт технологийн салбарт голлох үүрэгтэй тоглож байна. иймээс улс орнуудыг хамтран ажиллахыг шаарддаг шинжлэх ухааны суурь үзүүлэлт дээр нь нэгдэж ажиллах нь зүйтэй” гэж мэдэгджээ. Америкийн шинэ засаг захиргаа хөгжүүлэхийн төлөөх улс орнуудын өрсөлдөөн ид хүчээ авч байгаа дэвшилтэт технологийн салбарт хамтын ажиллагааг хурдасгах бодлого барьж байгаа юм.
Энэ үүднээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн Америк болон түүний холбоотнууд ард иргэддээ үйлчлэх, ашиг сонирхлоо хамгаалах, ардчиллын үнэ цэнийг хадгалах технологийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ёстой. Өнөөдөр зарим улс орнууд технологийг төрийн хяналт болгон ашиглаж, цахим гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдлээ. Үүний эсрэг Байдены засаг захиргаа маш тодорхой байр суурьтай байгаа гэдгийг онцолжээ.
| КУАД эвсэл дэвшилтэт технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | ||
| Үзсэн: 1622 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.