
Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц захиалсан иргэдийн сугалааг тавдугаар сарын 10, 11-нд МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжууллаа. Сугалаа зорилтот бүлэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл, төрийн албан хаагч буюу багш, эмч, цагдаа, бусад гэсэн төрлөөр явагдав. “Буянт-Ухаа-1” хорооллын сугалаанд хожсон иргэдийн нэрсийн жагсаалтыг ЭНДЭЭС үзнэ үү.
Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэдэн долоо хоног үргэлжилсэн зарим асуудлууд шийдэгдлээ. Тодруулбал, “Давхар дээл”-ээ тайлахын тулд өөрийн хүсэлтээр сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн горимын саналаар санал хураахад 69 гишүүний 54 гишүүн буюу 78.3 хувь нь зөвшөөрч, 15 гишүүн буюу 21.7 хувь нь татгалзав. Ингээд ҮХАА-н сайд Х.Баттулга сайдын суудлаас огцорч УИХ-ын гишүүний үүрэгт ажилдаа үлдэв.
Мөн өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө буцаан татсан юм. Шүүмжлэлд өртөөд байгаа энэ үйлдлээ О.Баасанхүү гишүүн “Тав хоногийн өмнө хаалттай хуралдаан болсон. Энд нэлээд ноцтой асуудлууд яригдсан. Өөрөөр хэлбэл, миний өргөн барьснаас гадна маш олон асуудлуудыг гаргаж ирсэн учир үүнийг нэмж бичих шаардлага гарсан. Тиймээс түр хойшлуулах гормын санал тухайн үед гаргасан ч дэгийн тухай хуулиар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх эсвэл түр татах боломжтой байсан. Ерөнхий сайд “Бид өөрсдөө хүндээ хариуцлага тооцъё, манайх МАХН-тай санамж бичиг байгуулсан учраас бид сайддаа хариуцлага тооцно” гэсэн. Тиймээс би тогтоолын төслийг түр татаад байна. Хэрэв Засгийн газар Х.Тэмүүжин сайдад хариуцлага тооцохгүй бол дахин өргөн барина. Мөн тогтоолын төсөлдөө дахин хэд хэдэн асуудлыг нэмж оруулна. Тэгэхээр би огцруулах төслөө татаж авсан биш дахин үндэслэл нэмж оруулах шаардлага байгаа учир түр татсан” гэх тайлбарыг өгөөд байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт бүлгээсээ гарахаа албан ёсоор мэдэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын дарга З.Энхболд Д.Батцогт гишүүний эвслийн бүлгээс гарах хүсэлтийг зөвшөөрч байгаа талаар бүлгийн дарга Н.Батцэргийн хүсэлтийг танилцуулав. Ингэснээр Д.Батцогт гишүүн МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс албан ёсоор гарч гарлаа.
Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нисэх онгоц үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Боинг” үйлдвэрт захиалан хийлгэсэн “Боинг 737-800” агаарын хөлгөө эх орондоо авчирлаа. Их Монгол Улсын гурав дахь их хаан Гүюгийн нэрээр нэрлэсэн энэхүү шинэ агаарын хөлөг нь бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай ба “Боинг” компаниас хамгийн сүүлд гаргасан хөх тэнгэрийг бэлэгдсэн цэнхэр өнгийн лед гэрлийн дотоод засалтай, зорчигчид өөрийн орны болон дэлхийн дуу хөгжим, киног дуу дүрсийн өндөр чанартайгаар үзэж, сонсох боломжтой, сүүлийн үеийн тохилог онгоц юм.
"Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас зуны урсгал болон их засварын ажилтай холбогдуулан халуус ус хязгаарлах хуваарийг гаргасан байна. Хуваарийг ЭНДЭЭС үзнэ үү.
Эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн долоо хоног байлаа гэж тодотгож болохоор байна. Хоёр бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн, Тавантолгойд маршийн бэлтгэлд гарсан байсан цэргийн албан хаагч амиа алдсан байдалтайгаар олдсон, Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас барсан, хотын төвд осол гарсан, автобус шатсан зэрэг харамсалтай хэргүүд өнгөрөгч долоо хоногт гарлаа.
Урин дулаан болж байгаатай холбогдуулан зарим гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай байна. Их, дээд сургууль болон ЕБС-ийн ахлах ангийн төгсөлтийн баяр ид болж байгаа өнөө аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулсаар байна.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий "RAILBUS"-ийг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар харилцан тохиролцсон. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт нийслэлчүүд ОХУ-ын “Трансмаш холдинг” компанийн РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг хүлээн авлаа. РА-2 маягийн “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм байна. Төлөвлөж байгаагаар өглөө, өдөр, орой нийт таван удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Хархорин, Нарантуул гэх мэт найман буудалд зогсож иргэдэд үйлчлэх аж. Энэхүү ажлын хүрээнд дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн бол Улаанбаатар төмөр замаас хотын дундуур шинээр төмөр зам барих ажлыг 2014-2015 онд 18.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд байна.
Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийлээ. Шалгалтаар түргэн гэмтэж мууддаг 10 нэр төрлийн 29 бүтээгдэхүүнийг устгалд оруулав. Шалгалтын явцад 400 гаруй мянган төгрөгийн хиамыг газар дээр нь устгасан байна. Ихэнх худалдаа үйлчилгээний газар хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг борлуулж байсан бол хамгийн ноцтой зөрчил нь дотоодын үйлдвэрлэгчид гурав хоног хадгалах бүтээгдэхүүний шошгон дээр 5-7 хоног хадгална гэх зэргээр хадгалалтын хугацааг хуурамчаар бичсэн байсан аж. Иймд түргэн муудах бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацааг сайн нягталж авахыг мэргэжлийн хяналтын газраас иргэдэд сэрэмжлүүллээ.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох чирэгдэлгүй хүргэх зорилгоор дүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байгаа. Нийслэлийн хэмжээнд 25 байршилд нэг цэгээр үйлчилгээ үзүүлж байна. Мөн нийслэлийн Татварын газраас тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил дуусах гэж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3-р хороо АСА циркийн өргөтгөл, Авто тээврийн үндэсний төвийн шилжилт хөдөлгөөний байранд нэг цэгийн үйлчилгээг нээж амралтын өдрүүдэд 09:00-18:00 хүртэл ажиллуулахаар болжээ. Энэхүү нэг цэгийн үйлчилгээгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч та бүхэн дүүрэг харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.