Шууд Chart

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах тусламжийн аян өрнөлөө

2010-01-13 00:20:07

Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн хүүхдийн төлөө газраас  мал аж ахуйн өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах “Бид хамтдаа” аяныг нийслэлийн нийт хүүхэд багачууд, ард иргэдийн дунд өрнүүлэхээр болжээ.
Тус аяныг нийслэлийн дүүргүүд болон ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд зорилго нь хүн бүр өөрт байгаа илүү зүйлсээ малчдад эд материалын тусламж болгон өгөхөд оршиж байгаа гэнэ. Цаашид энэхүү хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, сургууль болгонд “Илүүчилье” нэртэй клубуудыг байгуулж тусламж хэрэгтэй хүүхдүүдэд туслалцаа үзүүлэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн хүүхдийн төлөө газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Х.Нарангэрэлээс тодруулахад “ Бидний санаачилсан энэ аянд хүн бүхэн оролцож хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна. Юун түрүүнд тусламж өгөхийг хүссэн хэн бүхэн дулаан хувцас, оймс бээлий, хурганы уут, нэмнээ, лаа шүдэнз гэх мэт  малчдад хэрэгцээтэй зүйлсийг бидэнд авчирч өгч болно. Түүнчлэн рок попын шинэ залуу хамтлаг дуучдын “БИД ХАМТДАА” нэртэй тоглолтыг өөрийн байрныхаа их танхимд хоёр өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.Тоглолт үнэгүй. Үзэхийг хүссэн хүүхэд багачууд болон томчууд өөрт байгаа илүү зүйлсээ авчран хандив өргөж болно. Бас “Хүнсний тусламж” аяныг энэ сарын 15-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зарлахаар болсон. Энэ хөтөлбөрт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй байгууллага аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, тэдний сайн санааны дэмжлэгийг авахаар болсон. Хөтөлбөрийн  хүрээнд  цугларсан эд материалыг Улсын Онцгой Комиссоор дамжуулан  орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж ярилаа.
  “Бид хамтдаа” хөтөлбөрт нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн засаг захиргаа, бизнесийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг тэд хүсч буй юм.

Х.Булган
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах тусламжийн аян өрнөлөө  
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй