
Яг энэ мэдээлэл хаврын хаварт олон нийтийн цахим хуудсаар цацагддаг болжээ. Өнөө жил ч эл мэдээлэл мөн тархаад байна. Энэ бол зөвхөн нэг рестораны хэрэг биш Монголын асуудал болж байгааг энд дурдах нь зүйтэй болов уу.
Учир нь “Модерн Номадс” Монголд томоохонд тооцогдох сүлжээ ресторан. Олон салбартай, дээр нь хамгийн найдвартай гэж зөвхөн энэ ресторанаар зорьж үйлчлүүлдэг хүн цөөнгүй. Гадныхны өмнө нүүр тахлах цөөн рестораны нэг гэж тодотгож бас болно. Гэтэл байсхийгээд л “Номадсын сүлжээ рестораны хоолноос жоом гарсан, хуушуураас нь нохойн шүд гарсан” гэх мэдээлэл тархах болж. Үнэн, худал нь эс мэдэгдэх энэ мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж үнэн мөнийг нь тогтоох ёстой Мэргэжлийн хяналтын газар таг чиг. Оюутолгойд ханган нийлүүлэлт хийдэг “Модерн Номадс”-ын цаад "эзэн" УИХ-ын гишүүн С.Баярцогт учраас Мэргэжлийн хяналтын байгууллага хөдөлдөггүй юү, энэ угаас худал мэдээлэл болохоор тоодоггүй юу гэдгийг хэлж мэдэхгүй. Энгийн иргэд бид хэлэх ч боломжгүй юм. Энэ бүхний зангилааг хяналт шалгалт хийсэн Мэргэжлийн хяналтын байцаагч нар л тайлах учиртай.
Дээрх мэдээллийг олон нийтэд цацаж байгаа хүмүүсийн аль нь ч тус сүлжээ рестораны аль салбараас ийм зөрчил илэрсэн тухай өгүүлдэггүй. Энэ нь “Модерн Номадс” сүлжээ рестораны үйл ажиллагааг доголдуулах гэсэн хэн нэгний явуулга байж болзошгүй гэсэн хардалтыг төрүүлж байгааг нуух юун. ““Модерн Номадс” рестораны хуушуураас нохойны шүд гарчээ” гэх мэдээлэл байсаар байтал энэ ресторанаар үйлчлүүлэх хүн байх уу. Үйлчлүүлэгчийн тоо цөөрөх нь дамжиггүй юм. Тэгвэл хэн, хаанаас санаатайгаар сөрөг сурталчилгаа хийж байгааг тогтоох нь зүйн хэрэг болов уу.
Номадсын сүлжээ хэвлэл мэдээллийн албанаас “Номадсын сүлжээ рестораны хуушуураас нохойн шүд гарчээ... гэсэн хуурамч, ташаа мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж хар пи ар хийж байгаад бид харамсаж байна. Номадсын сүлжээ ресторан нь Монгол Улсын Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу хоол, үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд нохойн махыг ямар ч ханган нийлүүлэгч байгууллагаас худалдан авдаггүй болон хэрэглэдэггүй болохыг албан ёсоор мэдээлж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа энэхүү мэдээлэл зохиомол, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хийгээд л өнгөрдөг нь нууц биш. Энэ мэдэгдлийг 2013 оны дөрөвдүгээр сарын 8-нд гаргаж байсан санагдана. Магад өнөөдөр ч эл мэдэгдлээ гаргахыг үгүйсгэхгүй. Гэвч рестораны зүгээс байдаг л өнөөх мэдэгдлээ гаргах нь учир дутагдалтай юм. Албан ёсоор хууль хяналтын байгууллагад нь хандаад шалгалтыг нь хийлгээд түүнийхээ дүгнэлтийг олон нийтэд дэлгэх нь чухал болов уу. Үгүй бол ирэх хавар ч үнэн, худал нь эс мэдэгдэх энэ мэдээлэл тархахгүй гэх баталгаа байхгүй.
Хөрөнгө оруулагчдыг үргээлээ гэж ярих нь элбэгшсэн өнөө цагт үргээлцэх нэг сэжим нь нийтийн хоолны салбар болж мэдэхээр байна. Зөвхөн нэг рестораны асуудал бус Монголынх гэж тодотгосон нь ийм учиртай. Нохойны махыг хүнсэндээ хэрэглэдэг улс орон байдаг л даа. Гэхдээ Монголд хүнсэнд хэрэглэх зориулалт бүхий нохойн аж ахуй байхгүй. Тэгээд ч нохойны шүд яг мөн гэдэг нь баталгаагүй учраас гадныхан “Хүнсэндээ юу хэрэглэж байгаагаа ч мэддэггүй улс руу очоод хэрэг байна уу даа” гэж сэтгэж болох юм.
Тус ресторанаар зөвхөн гадныхан үйлчлүүлэхгүй нь тодорхой. “Номадсын сүлжээ рестораны хуушуураас нохойны шүд гарчээ” мэдээллийн доор “Монголчууд нохойны амийг хүний амьтай зүйрлэдэг улс. Нохойн мах идэхэд яадаг юм бэ гэж байгаа улс ямар ч тэнгэргүй, сүр сүлдгүй”, “Хэдэн саяар тоологдох малтай манай улс хогийн золбин нохойгоор хооллох гэж. Арай ч дээ”, “Нохойн мах л идэж байна гэсэн үг дээ. Гадуур хоол идэх ч найдваргүй болж дээ. Модерн Номадс ийм байхад ...”, “Нохойн мах идлээ гээд хүн үхэхгүй гэж бодож байна. Харин ч дотор эрхтэнд сайн гэдэг биздээ? Хятад, Солонгос Япон, Вьетнам зэрэг үхэх гэж байгаа юм шиг идэж байх юм. Энэ нь эрүүл мэндэд нэг юм хэлээд байгаа юм биш үү?” зэргээр сэтгэгдэл үлдээжээ. Энэ бүгдээс үзвэл дээрх мэдээлэл нь зөвхөн “Модерн Номадс” гэдэг сүлжээ рестораны л асуудал биш юм гэдгийг улам тодотгож байна. Наанадаж улс орны нэр хүнд, хүн амын эрүүл мэндийн асуудал энд хөндөгдөх нь зүйн хэрэг. Энгийн иргэн бидний хувьд “Модерн Номадс” сүлжээ ресторан байсхийгээд л цацагддаг энэ мэдээлэлдээ хэзээ цэг тавихыг хүлээх л үлдээд байна.
““Модерн Номадс” рестораны хуушуураас нохойны шүд гарчээ” | ||
Үзсэн: 3736 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.