Шууд Chart

Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл хэрэгжиж байна

2014-05-19 17:32:02

Монгол Улсад 2001 оноос эхлэн Хүүхдийн тусламжийн утас 1615, 2004 оноос 1979 дугаартай ажиллаж эхэлсэн бөгөөд Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих  сангийн төслөөс дэмжлэг үзүүлж байсан юм. Монгол Улс 2006 оноос Олон улсын Хүүхдийн утасны CHI /Child Helpline international/ сүлжээ байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болсон юм. 

Хүүхдийн тусламжийн утасны  Олон улсын сүлжээ нь бүрэн эрхт гишүүдээсээ хүүхдийн утсанд хандсан дуудлагын тоо, дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж жил бүр хэвлүүлэн гаргадаг “Хүүхэдтэй холбогдох нь” номдоо оруулдаг билээ. Энэхүү мэдээллийг уг номд оруулснаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдийн утсанд ямар дуудлага ирж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлага солилцохоос гадна улс орнууд үндэсний хэмжээнд уг тоо баримт дээрээ тулгуурлан хүүхдэд зориулсан бодлого, хөтөлбөрийг боловсруулах ач холбогдолтой байдаг.
 
Манай улсад Хүүхдийн тусламжийн утас 108-ыг хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилготой 24 цаг ажиллуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус төслийг Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ дэмжин хамтран ажиллаж байна.
 
Ажиллах зарчим:
·  Хүссэн мэдээлэгч дуудлагаа үнэ төлбөргүй хийх
·  24 цагийн турш ажиллах
·  Үндэсний хэмжээнд хүүхэд тогтооход хялбар дугаартай байх
·  Эх орны өнцөг булан бүрээс холбогдох боломжтой байх
·  Дуудлага бүрийг хүлээн авч, хариу өгөх, үйлчилгээнд холбох
·  Дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх
·  Хамтарсан багт түшиглэсэн байх 
·  Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгалах
 
Хүүхдийн тусламжийн утсыг 24 цагаар ажиллуулахад шаардлагатай программын шинэчлэлийг Мобиком ХХК хийж өнөөдөр ХТҮГ-т хүлээлгэж өглөө.  Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийн төлөө үндэсний газар гурван жил хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан тус арга хэмжээнд Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал ноён Дэвид Холлидэйг, ДЗМОУБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч ноён Сүжи, ХТҮГ-ын Дарга И.Нарантуяа нар оролцлоо.
 
Өнөөдрөөс эхлэн ажлын тав хоног 8.00-18.00 цагт Хүүхдийн утасны зөвлөгч, ахлах ажилтнуудыг бэлтгэх сургалт Хүүхдийн төлөө үндэсний газарт /107 тоот/ болж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл хэрэгжиж байна  
Үзсэн: 1311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй