![](/uploads/201405/news/thumb/140bf4dcc8716f45ac764054ef711513_x3.gif)
Нийслэлийн авто замын газраас өнөөдөр сэтгүүлчдэд зам барилгын ажлын талбай дээрээс мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээ Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.06 км авто замыг иж бүрэн шинэчлэх ажлын танилцуулгаар эхэлсэн юм. Энэ замыг гэрэлтүүлэг, ус зайлуулах суваг хоолой, явган хүний зам болон ногоон байгууламжтай иж бүрэн шинэчилж барих компаниар "Ди Ар Жи" ХХК сонгогдож, 2014 оны 11 дүгээр сарын 30 хүртэл гэрээ байгуулсан байна. Зам барилгын ажлын хүрээнд одоо ашиглаж байгаа замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 21-нээс эхлэн 11 дүгээр сарын 30 хүртэл бүрэн хааж, тус замын урдуур гаргасан түр замаар тээврийн хэрэгслийг зорчуулахаар болоод байгаа билээ.
Өлзийт хорооллын замаас хот руу буцахдаа Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай танилцсан юм. 2012 оноос эхлэн хэрэгжүүлж буй дээрх замын ажлын явц 70 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар замын урд хэсэгт явган хүний дөрвөн метрийн өргөнтэй зам суурилуулж байгаа бөгөөд энэ сарын 21-нээс эхлэн 20 хоногийн хугацаанд Нүхт цогцолбор руу эргэдэг уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх гурван км авто замын хойд урсгалыг хааж, борооны ус зайлуулах хоолой, хашлага суурилуулах, өнгө хучилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Замын хойд талд мөн явган хүний дөрвөн метр өргөн зам суурилуулах юм. Энэ замын эхлэл цэг буюу Яармагийн гүүрийн урдаас зүүн тийш бас нэгэн замын ажил хийгдэж байгаа билээ.
Тодруулбал, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл тавигдах 17.6 км авто замын ажил энэ оны наймдугаар сарын 1-нд бүрэн дуусах гэрээтэй юм. Замын зүүн эхлэл хэсэгт төмөр зам дээгүүр өнгөрөх гүүрийн ажил хийгдэж байна. Далан, суурийн ажлыг гүйцэтгэж, хучилт авахад бэлтгэж байгаа “ЭСТО” компанийн замчид шинэ замаа улсын баяр наадмаас өмнө хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөт хугацаагаа шахан ажиллаж байгаа.
Харин Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийг хоёр тийш холбох холбоос 0.5 км авто замын ажлын хувьд хашлага суурилуулах болон хучилтын ажил үлдээд байна. “Наранбулаг Хан” ХХК уг замын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, Туул голын хөвөөний том жалганд дүүргэлт хийж, далан суурийг бэлтгээд байгаа юм.
Хувьсгалчдын гудамжны замыг өргөтгөн шинэчилж байгаа “Экспресс зам” ХХК-ийн ерөнхий инженер Г.Ганболдтой уулзаж, газар чөлөөлөлтийн асуудал хамгийн том бэрхшээл болоод байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Учир нь тухайн замын өргөтгөлийн зурваст 70 гаруй айл өрхийн хашаа, байшин /2-5 метр/, Тэс петролиум шатахуун түгээх станц /бүтнээрээ/ чөлөөлөгдөөгүй үлдсэн байна. Хувьсгалчдын гудамжны замын хөдөлгөөнийг энэ оны тавдугаар сарын 9-нөөс эхлэн нэг сарын хугацаатай хаасан бөгөөд зам нээхэд 19 хоног үлдээд байгаа ч замын өргөтгөлийн хэсэгт газар чөлөөлөлт хийгдэхгүй байгаагаас шалтгаалж зам нээх хугацаа тодорхойгүй байдлаар хойшилж магадгүй болоод байгаа аж.
Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл 17.6 км авто зам тавигдана | ||
Үзсэн: 1839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.