Шууд Chart

Зарим сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг шийдлээ

2021-09-09 18:01:45

НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, төслийн захирал Дуняа Хоффманн нар төслийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.  65 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан бөгөөд хичээлийн хоёр байртай. А байр 960, Б байр 480 хүүхэд суралцах хүчин чадалтай бол 80 дугаар цэцэрлэг нь 16 бүлэгт 480 гаруй хүүхэд хамруулдаг. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө тус сургууль, цэцэрлэгийн барилгын суурь цуурсан, цонхны амлагаа сийрэгжсэн, барилгын хана хагарч, дээврээс ус гоожихын дээр  цонх нь дулаан алдагдал ихтэй байсан юм. “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр дээрх асуудлыг бүрэн шийджээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Энэхүү төслийг 18 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлсэн. Бид дахин дөрвөн сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлнэ. Энэ нь дулаалгын цогц шийдлийг бүрэн харуулсан төсөл юм. Хамгийн гол нь дулаалга, эрчим хүчний цогц байдлыг харуулж, бусад байгууллагуудад үлгэрлэх боломжтой болж байна. Мөн дулаалга, эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн зөв хийх талаарх гарын авлага гаргасан. Зөвхөн байшин барилга засаад зогсохгүй сургалтын орчин, дотоод зохион байгуулалтыг сайжруулах, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь төслийн бас нэгэн онцлог юм” гэлээ.

Төслийн хүрээнд цэцэрлэгийн барилгын дотоод орчны агаарын чанар хүүхдийн амьсгалын замын өвчлөлд үзүүлэх нөлөөллийн судалгааг хийж, 20 барилгад дулаан, техникийн засвар шинэчлэлийг Монгол Улсын өнөөгийн норм стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэсэн бөгөөд ариун цэврийн байгууламжийг ч сайжруулсан байна.


Зарим сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг шийдлээ  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй