Шууд Chart

Судлаачид өндөгний хэлбэрийн ерөнхий томьёог эцэслэн гаргажээ

2021-09-11 11:24:02

Кентийн их сургууль, Байгаль орчны нөхөн сэргэлтийн судалгааны хүрээлэн болон Vita-Market Ltd-ийн судлаачид байгальд байдаг ямар ч шувууны өндгийг дүрслэх боломжтой математикийн ерөнхий томьёог нээж илрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү томьёоллыг хийх оролдлогууд амжилтгүй байсан байна.

Өндөгний хэлбэр нь аналитик талаасаа математикч, инженер, биологичидын анхаарлыг татсаар  ирсэн. Энэхүү хэлбэр нь үлэг гүрвэлийн үеэс эхлээд 10,500 төрөл зүйлийн амьтдын амьдралын эхлэл болж эволюцид орох явцдаа үр хөврөл багтахуйц том, өндөглөх үед биеэс хамгийн эвтэйхэн гарах хэмжээний жижиг, гадаргуу дээр унахдаа өнхөрдөггүй,  бүтцийн хувьд жингээ даах чадвартай байх зэрэг чанаруудыг бүрдүүлжээ. Өндөгний хэлбэрийг "төгс хэлбэр" гэж үзэж иржээ.

Бүх өндөгний хэлбэрийг шинжлэхдээ бөмбөрцөг, эллипс, зууван, лийрэн хэлбэр (конус) гэсэн геометрийн 4 дүрс ашигласан ба лийрэн хэлбэрийн математик томьёог хараахан гаргаагүй(батлаагүй) байна.

Ямар ч өндөгний хэлбэрийг тодорхойлж болох эллипсэн бөмбөрцөг дүрсний сүүлийн хувилбар болох цоо шинэ геометрийн дүрсийг илүү нарийвчлалтай гаргахын тулд судлаачид математикийн загварыг хөгжүүлж, зууван хэлбэрийн томьёонд нэмэлт функц оруулсан.

Өндөгний хэлбэрийг тодорхойлох энэхүү ерөнхий математикийн томьёо нь өндөгний урт, хамгийн их өргөний хэмжээ, босоо тэнхлэгийн шилжилт, өндөгний уртын дөрөвний нэг дэх диаметр гэсэн дөрвөн параметр дээр суурилдаг.

Удаан хугацааны туршид эрэлхийлж ирсэн энэхүү ерөнхий томьёо нь өндөгний хэлбэр, төдийгүй түүний хэрхэн, яагаад үүсч хөгжсөнийг ойлгоход чухал алхам болсон бөгөөд биологийн болон технологийн салбарт өргөн хэрэглээтэй болох боломжтой.

Өндөгний ерөнхий хэлбэрийн математик тодорхойлолт нь хүнсний судалгаа, механик инженерчлэл, хөдөө аж ахуй, биологийн шинжлэх ухаан, архитектур, нисэхийн салбарт аль хэдийн хэрэглээгээ олж чаджээ. Жишээлбэл, энэхүү томьёолол нь жирийн бөмбөрцгөн өндөг хэлбэрээс илүү бат бөх, нимгэн ханатай өндгөн хэлбэрийг инженерчлэн байгуулах боломжийг бий болгож байна.

Энэхүү шинэ томьёо нь хэд хэдэн чухал дэвшлийг авчирсан юм. Жишээ нь:

  1. Биологийн биетийн шинжлэх ухааны нарийвчилсан тодорхойлолт. Өндгийгматематикийн томьёогоор дүрслэх боломжтой болсноор биологийн системчлэл, технологийн параметрүүдийн оновчлол, өндөг дарах болон тахиа сонгох зэрэг ажлууд маш хялбар болсон.
  2. Биологийн биетийн физик шинж чанарын энгийн, үнэн зөв тодорхойлолт. Өндөгний гадаад шинж чанар нь өндгийг дарах, боловсруулах, хадгалах, ангилах технологийг хөгжүүлдэг судлаач, инженерүүдэд нэн чухал юм. Эзэлхүүн, гадаргуугийн талбай, муруйлтынрадиус зэрэг  үзүүлэлтүүдийг ашиглан өндөгний ерөнхий дүрсийг энгийнээр тодорхойлох арга барил хэрэгтэй байсан ба энэхүү томьёолол энэ хэрэгцээг хангаж байна.
  3. Биологиос санаа авсан инженерчлэл. Өндөг нь инженерийн системүүд болон  сүүлийн үеийн технологиудын загварыг гаргахад тусалсан байгалийн биологийн систем юм. Өндөгний хэлбэртэй геометрийн дүрсийг архитектурт ашигладаг. Жишээ нь Лондон хотын захиргааны төв байрны дээвэр болон Gherkin барилга зэрэгт ашигласан юм. Хамгийн бага материал ашиглан хамгийн их даацтай барилга угсрах асуудлыг шийдэхэд энэхүү томьёо нь шууд хэрэглэгдэнэ.

Судалгааны талаар Кентийн Их Сургуулийн генетикийн профессор, төслийн эмнэлзүйн судлаач Даррен Гриффин ийнхүү хэлжээ"Биологийн эволюцын судалгааны үндэс болгож өндөгний үүсэл хөгжил зэрэг эволюцын процессуудын математик загварчлалыг энэхүү томьёоллоор харуулсны дагуу гаргаж, судлах ёстой. Энэхүү томьёог суурь шинжлэх ухааны салбарууд, ялангуяа хоол хүнс, шувууны аж үйлдвэрт ашиглах боломжтой бөгөөд өндгийг судалгааны объект болгосон санаа нь дараа дараачийн судалгаанд ихээхэн түлхэц болно.

"Энэхүү томьёо нь математик болон биологийн хоорондын философи, зохицлын тухай бидний ойлголт, үнэлэмжийг илүү сайжруулж байна. Цаашлаад, манай дэлхий ертөнц нэг өндөгний хэлбэрээр нарийвчлан тайлбарлагджээ” гэж Кентийн Их Сургуулийн судалгааны түр ажилтан,доктор Майкл Романов хэлжээ.

“Соёл урлаг, технологи, уран барилга, газар тариалан зэрэг салбаруудад энэхүү томьёо нь өргөнөөр хэрэглэгдэхийг бид тэсэн ядан хүлээж байна. Энэхүү амжилт нь шинжлэх ухааны салбар хоорондын хамтын судалгааны ажил яагаад ийм чухал байдгийг харууллаа ” гэж Кентийн их сургуулийн судалгааны түр ажилтан байсан доктор Валерий Нарушин хэлжээ.

Энэхүү судалгаа нь Нью-Йоркийн Шинжлэх Ухааны Академийн жилийн үйл явдлын тоймд гарчээ.

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн ЭША Ш.Идэрбаяр


Судлаачид өндөгний хэлбэрийн ерөнхий томьёог эцэслэн гаргажээ  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй