Шууд Chart

Цайдам, Гацуурт нуурыг стратегийн ордод оруулах уу?

2014-05-22 11:41:36

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Гацууртын алт, Цайдам нуурын нүүрсний ордыг  стратегийн ач холбогдол бүхий ордод оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болжээ.

Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн жил Хөшөөт, Цайдам нуурын нүүрс, Гацууртын алт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэйн газрын ховор элементийн ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд нэмж оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.

Уг тогтоолын төсөл өнөөг хүртэл  хэлэлцлэгдэхгүй хойшилж байх хооронд УИХ-аас  “Ашигт малтмалын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийг батлан гаргасан. Баримт бичиг батлагдсантай холбогдуулан  стратегийн ач холбогдол бүхий ордуудыг бүртгэх тогтоолын төсөлд дахин нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсэн, Засгийн газарт буцаагдаад байсан юм.  
 
Харин Засгийн газрын зүгээс тогтоолын төслийг “Ашигт малтмалын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-т нийцүүлэн өөрчлөлт оруулахдаа Гацууртын алт, Цайдам нуурын нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж оруулахаар болж, үлдсэн таван ордыг хасах шийдвэр гаргасан байна.
 
Үлдсэн таван ордын хувьд газрын ховор элементийн ордуудыг стратегийн ордод тооцох нь бодлогын баримт бичигтэй зөрчилдөж байгаа учраас, мөн  Хөшөөтийн нүүрсний орд нь лицензийн маргаантай гэдэг үндэслэлээр хасагджээ.
 
УИХ-аас уг хоёр ордыг стратегийн ач холбогдол бүхий ордуудын тоонд оруулах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цайдам, Гацуурт нуурыг стратегийн ордод оруулах уу?   
Үзсэн: 2150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй