Шууд Chart

Изинис компани үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ

2014-05-22 13:25:12

Орон нутгийн нислэгийн үйл ажиллагааг эрхэлдэг "Изинис эйрвэйз" компани үйл ажиллагаагаа зогсоож байгаа талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тус компани нь Ньюком Группийн хөрөнгө оруулалттайгаар 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдаж, Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдсэн иргэний агаарын тээврийн компани юм.

Компанийн зүгээс 200 гаруй ажилтандаа гэнэт халагдсаны нөхөн олговор олгохоо мөн мэдэгдсэн бөгөөд санхүүгийн хүндрэлээс шалтгаалан дээрх шийдвэрийг гаргасан хэмээсэн тайлбар өгөөд байгаа аж. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
МЭДЭГДЭЛ

Изинис Эйрвэйз ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22 өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсоныг үүгээр мэдэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгуулагууддаа талархал илэрхийлье.

Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсагдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Изинис Эйрвэйз ХХК
  2014 оны 05 сарын 22 өдөр

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Изинис компани үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ   
Үзсэн: 2168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-22 18:50
ньюком групп эхнээсээ эхнээсээ дампуурч эхлэх шив дээ.

Бидэнтэй нэгдээрэй