Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-05-24 07:24:25

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.   Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хуралд оролцлоо. Ерөнхийлөгч энэ үеэр хоёр хөршийн Ерөнхийлөгчтэй уулзлаа. Тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны уулзалт хийж дараа нь хамтдаа өглөөний цай уусан байна. Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцжээ. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцлож байлаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал оролцохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд, тухайлбал, төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлтийн талаар ярилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа энэ үеэр илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин санал болгож байгаа асуудлуудыг хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлжээ. Хоёр улсын Ерөнхийлөгч харилцан бие биеэ эх орондоо айлчлахыг урилаа.

Шанхай хотноо болсон тус хуралд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын олон улсын радиод ярилцлага өгч, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад үг хэлсэн юм.

Ерөнхийлөгч өмнөд хөршид хуралд оролцоод эх орондоо ирэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордсон. Ерөнхий сайд ОХУ-ын Санкт - Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм. Өчигдөр “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцсоны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзлаа. Мөн Засгийн газрын тэргүүн “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа баяртай байна гээд цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүсчээ.

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргалыг огцруулах тухай саналаа УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ. Хуулийн дагуу Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой байтал хангалттай сайн ажиллаж чадаагүй учраас валютын ханш өссөн.  Төгрөгийн үнэгүйдлээс болж эдийн засгийн хямрал үүсэж ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа учраас Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцрох нь зүйтэй гэж гишүүд үзжээ.

Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг нэгтгэж дундын зогсоолтой болголоо. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлдээ Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучин нэрээр ХААЯ-ны урд талбайд шинээр гаргасан автобусны буудалд зогсооно. Мөн Баруун  дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун чиглэлдээ тууш үйлчилдэг  хуучин зогсоолыг шинэчилсэн бол  Баруун дөрвөн замаар 3, 4 дүгээр хороолол руу Амарсанаагийн гудамжаар  эргэдэг чиглэлүүд “Армада” зочид буудлын баруун талд шинээр хийсэн автобусны зогсоолд зогсож иргэдэд үйлчлэхээр боллоо.

Өнгөрөгч долоо хоногт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн харьяа 110 кВ-ын агаарын шугамын тулгуурт согтуу хүн авирсантай холбогдуулан цахилгаан түр хязгаарласан үйл явдал боллоо. Гуч орчим насны залуугийн болчимгүй үйлдлээс болж Баруун, Умард, Сэлбэ 110 кВ-ын дэд станцаас цахилгаан хангамжийн үүсвэртэй 1, 10, 3, 4-р хороолол, Хайлааст, Яргайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа орчмын бүх хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлав. Болчимгүй үйлдлээс улбаатайгаар  улсад багагүй хохирол учирлаа.  

Ажилласан жил, тэтгэврийн шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ харьяа Нийгмийн даатгалын газартаа өгч амжаагүй иргэд ирэх сарын 1-ний дотор өгөх боломжтой. Заасан хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол хугацааг дахин сунгахгүй юм байна. Иргэд хүсэлтээ харьяа Нийгмийн даатгалын хэлтэст гаргахдаа ажил хөдөлмөр эрхэлж байсан бол иргэний үнэмлэх түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрээ гээж үрэгдүүлсэн бол ажилд орсон гарсан тушаалын хуулбараа авч очих ёстой аж. Ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй бол иргэний үнэмлэх түүний хуулбар, хамгийн сүүлд сурч төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, түүний хуулбар /1990-2000 онд хамаарах диплом, гэрчилгээний хуулбар/ цэргийн батлах түүний хуулбар зэрэг баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай юм.

Орон нутгийн нислэгийн үйл ажиллагааг эрхэлдэг "Изинис эйрвэйз" компани үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Мэдэгдэлд “Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоож байна” гэсэн байна. Тус компаниас мэдэгдэл гаргасныхаа маргааш буюу өнгөрсөн баасан гарагт тасалбар захиалсан байсан 1800-аад үйлчлүүлэгчийнхээ тасалбарын мөнгийг буцаан олголоо. 

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусна. Энэ хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах юм байна. Тиймээс иргэд энэ ажилд идэвхтэй оролцоно уу. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн шаардагдах материал, албан  татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг  ЭНДЭЭС унших боломжтой.

Тайландад үүсээд буй улс төрийн тогтворгүй байдлаас улбаатайгаар Монгол Улсын Гадаад Харилцааны яамнаас зөвлөмж гаргаад байна. Зөвлөмжид “Манай иргэд тус улсад зорчихдоо олон нийт цугласан газар очихоос зайлсхийх, туйлын сонор сэрэмжтэй байж, хууль сахиулах байгууллагуудын зөвлөмжийг чанд мөрдөх”-ийг зөвлөжээ. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-ны 66-2-381-1400, 02-392-1011 дугаарын утсаар, bangkok@mfa.gov.mn  цахим шуудангаар, мөн Embassy of Mongolia, 100/3 Soi Ekkamai 22, Sukhumvit 63, Klongton Nua, Wattana, Bangkok 10110 хаягаар хандаж болох юм.

Өнгөрөгч долоо хоногт Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч дөрвөн иргэний амийг аварсан сайхан мэдээгээр тоймоо өндөрлөе. Пүрэв гарагт 18.50 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Сөрдөг гарам” гэдэг газар ЗИЛ 131 авто машин Хэрлэн голын усанд живэх дөхсөн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид гол руу орсон машинд байсан дөрвөн иргэнийг уснаас гаргаж, ослоос аварчээ.  

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 3522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-24 14:16
Энгийн болон гоёлын бүх төрлийн төмөр хийц 3 жилийн баталгаат хугацаатай хийж гүйцэтгэнэ. Үүнд : - Дэлгэдэг болон гүйдэг хаалга - Цонх, тагтны хамгаалалт - Хашаа - Орц, грашийн хаалга - Шат, шатны бариул саравч - Сандал ширээ - барилгын аваарын шат - мөн бүх төрлийн тохижилтын ажилуудыг хийж гүйцэтгэнэ Утас : 99156150

Бидэнтэй нэгдээрэй