
Морьтон монголчууд итгэлт хүлгээсээ татгалзжээ. Хөдөөгийн уул талыг өнөө мотоциклийн зам “чимдэг” болж. Морьтой хүний барааг хот тойрсон хэдэн сумаас олж харна гэдэг нүдний гэм болсон нь үнэн ажээ. Баруун аймгуудын сүрлэг хайрхануудыг бодвол энд газар нь бартаа багатай, тэгшдүү болохоор малчид моторт техник хөлөглөн малаа адгуулах нь элбэгшсэн байна. Мотоциклийн давуу талыг тодотгож болно л доо. Морийг бодвол эцэж цуцна гэж айлтгүй. Хөдөлгүүрийнхээ хүчин чадлаар бага цагт аль болох урт зам туулна. Зөвхөн энэ мэдээлэлд үндэслэн түүнийг сонгох нь хэр зөв сонголт вэ.
Аргамаг хулаа аюулт унаагаар солиод бид хожив уу. Эсвэл... гэдэгт дор бүрнээ хариулт олох гээд үзье...
Статистик мэдээнээс үзвэл сэтгэл чилээсэн үзүүлэлт харагдаж байна. Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослын улмаас жилд 100 орчим хүн нас барж, мөн төдий хэмжээний хүн бэртэж гэмтэн хөдөлмөрийн чадвараа алддаг ажээ.
Замын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 2012 онд мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол 371 гарчээ. 2013 онд 330 болж буурсан үзүүлэлттэй харагдаж буй юм. Гэвч хэрэг, ослын улмаас 2012 онд 112 хүн нас барсан бол 2013 онд мөн л 112 хүн хорвоог орхижээ. Эл хэргийн улмаас гэмтсэн хүний тухайд 2012 онд 187 байсан бол 2013 онд 191 болж 2.1 хувиар өссөн байна.
Түүнчлэн албан бус мэдээллээр хөдөө орон нутагт эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн нэлээд хувийг мотоциклиос унаж бэртэж, гэмтсэн хүн эзэлдэг аж. Тэд ихэвчлэн өөрсдийн буруугаас болж мотоциклиос унаж бэртсэн тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулдаггүй, ахуйн ослын шинжтэй шийдвэрлэгдэж, албан ёсны тоон мэдээнд орохгүй байх тохиолдол бий гэнэ. Хөдөө орон нутагт гарч байгаа мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осолд орсон тохиолдол 2012 онд 119 буюу нийт мотоциклийн жолооч нартай холбоотой ослын 32 хувь, 2013 онд 93 буюу 28.1 хувийг эзлэж байна.
Эдгээр статистик мэдээ мотоциклийн хэрэглээ эрсдэл дагуулж буйг илтгэсээр буй. Зарим орон нутагт мотоциклийг нийтийн тээврийн хэрэгсэл болгон ашигласаар байгаа. Тэгвэл болзошгүй аюулаас сэргийлж зарим аймаг ийм төрлийн нийтийн тээврийг хэрэглээнээс шахжээ. Тухайлбал, Завхан аймгийн Тээвэр, авто замын газар, Замын цагдаагийн тасаг мотоциклиор зорчигч тээвэрлэхийг зогсоохоор аймгийнхаа Засаг даргад албан тоот өгсөн байна. Үүний дагуу тус аймгийн Засаг дарга өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд А/182 тоот захирамж гаргаж, мотоциклиор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхийг бүрмөсөн хоригложээ. Гэсэн ч уг захирамж хэрэгжихгүй, хүмүүс зорчигч тээвэрлэсээр, иргэд ч үйлчлүүлсээр байгаа аж. Завхан аймгийн 60-аад иргэн мотоциклиор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг гэсэн тоо байна. Мотоциклийн төлбөр таксинаас хямд болохоор хүмүүс сонгон үйлчлүүлсээр байж болох юм. Гэвч энэ унаа аюул дагуулсаар буйг санахад илүүдэхгүй.
Хайлшин дугуйтай хятад мотоциклтой холбоотой осолд 18-35 насныхан өртдөг гэх судалгаа байна. Тиймээс Монголын Залуучуудын холбооноос хятад мотоциклоос татгалзах дорвитой ажлуудыг зохион байгуулахаа мэдэгдээд байгаа.
Ажлаа хөнгөвчлөх гэж сонгосон техник хүний алтан амийг авч одох хэмжээнд эрсдэл дагуулж байгааг анхаарах нь чухал байна. Дэндүү гэмээр цочирдом тоо мотоциклийн ослоос үүдэлтэй гарч байгаад сэтгэл эмзэглэх учир энэ. Цөөхөн монголчууд хэн нэгнийгээ цагаас нь эрт үдэхгүйн тулд энэ техниктэй аль болох болгоомжтой харьцаж байхыг мартах учиргүй. Хөдөөгийн уул талыг моторт техникийн зам бус хүлэг морьдын жим чимээсэй. Тэр цагт л осол гэмтэл өнөөгийнхөөс буурах магадлалтай байна.
Аргамаг хулаа аюулт унаагаар солиод бид хожив уу | ||
Үзсэн: 4824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.