Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засгийн эрчимжүүлэх-100 хоног” төлөвлөгөөт ажлуудыг боловсруулан, Ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулаад байгаа.
Уг зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд “Эдийн засгийн эрчимжуулэх-100 хоног” ажлын хүрээнд хийгдэх зарим ажлуудын талаар мэдээлэл хийлээ.
Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх хамгийн чухал ажил бол Монголд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх явдал. Ингэснээр Монголын эдийн засагт шаардлагатай хөрөнгө мөнгийг богино хугацаанд зах зээл рүү татах боломжтой болно” гэлээ.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-д хийсэн айлчлалыг онцлов. Эдгээр айлчлал нь ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэж байгаа өргөн цар хүрээтэй, дэлхийн хэмжээний дэд бүтцийн төслүүдэд Монгол Улсын оролцоог бий болгоход чиглэгдсэнээрээ чухал ач холбогдолтой гэв.
Түүнчлэн эдийн засгийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн долоо хоногт бизнесийн орчныг сайжруулах, эдийн засагт учирч буй бэрхшээлийг даван туулах талаар 120 гаруй бизнес эрхлэгчтэй уулзаж санал солилцжээ. Уулзалтын үр дүнд “Банкны холбоо”-той хамтран зээлийн эргэн төлөлтийг нааштайгаар шийдэх, банкинд байршиж буй хөрөнгийг эргэлтэд оруулж бизнесийн салбар болон төсөл хөтөлбөрт зарцуулах асуудлаар зөвлөмж хүргүүлэхээр болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 579 төслийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь бизнес эрхлэгчдэд боломж олголоо. Харин шийдвэрүүдийг богино хугацаанд ажил болгох нь чухал гэлээ.
Зургаадугаар сарын 19-21-ний хооронд “Монголын эдийн засгийн форум”-аас бизнесийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулга уулзалтыг бизнесийн салбарынхан болон гадаадад байгаа Монголын ЭСЯ-уудтай хамтран хөрөнгө оруулагчдыг татахаар хамтран ажиллаж байна.
Чуулга уулзалтын үеэр бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хайж байгаа төслөө гадны хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой. Одоогоор Герман, Турк, Иордан, Итали, Энэтхэг зэрэг орны компани, хөрөнгө оруулагчид оролцохоо мэдэгдсэн. Цаашид оролцох орны тоо нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид хэллээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.