“Хамаг Монгол” төслийнхөн ОХУ-ын Буриад улсад яс, цус, элэг нэгт Монголчуудынхаа галыг бадраалаа. Хил хязгаараар зааглагдаж газрын холоор оршдог ч гэлээ, зон олон Монголчуудаа нэгтгэж, удам угсаагаа бахдах, ёс заншлаа бадрааж, нэгэндээ ойр дотно байж нэгнээ үргэлж хайрлаж, энэрч, амь нэгтэй байх, эрхэм зорилгод хөтлөгдөн уг үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Төслийн хамт олон “Хамаг Монгол” төслийн нээлтийн нэгдсэн тоглолтыг өнгөрсөн Гуравдугаар сард хийсэн. 2013 оны Долдугаар сарын 14-нд, эх орон төрөлх нутагтаа элгэн садан, олон үндэстэн ястнуудаа нэгтгэх сэтгэлийн галаар жигүүрлэж, аялгуу дуугаараа уриалан дуудаж ОХУ-ын Буриад, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг, Өвөр Монгол ахан дүүстэйгээ хэдийн ханьсаж эхэлснээ гэрчлэх “Хамаг Монгол” тоглолтыг ОХУ-ын Буриад улсын төв стадионд амжилттай тоглолоо. Төслийн хэрэгжилтэд Монгол улсаа төлөөлж төслийн удирдагч, санаачлагч МУГЖ Самандын Жавхлан, ОХУ-ын Буриад улсаа төлөөлж дуучин Чингис Раднаев, Оросын Холбооны Бүгд найрамдах Халимаг улсын дуучин Лиджи Горяев, Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува улсын дуучин Монгуш Саядаш, Өвөр Монгол улсыг төлөөлж дуучин Машбатын Баясгалан нарын тэргүүтэй “Хамаг Монгол” төслийнхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. ОХУ-ын Буриад улсын зүгээс улсаа төлөөлөн оролцож байгаа Чингис Раднаев болон Улаан-Үүд хотын Байгал театрын зуу гаруй уран бүтээлчид “Хамаг Монгол” тоглолтын зохион байгуулалтад гол үүрэгтэй оролцсоор байгаад түүнчлэн Байгал театрын удирдлагууд үйл ажиллагааг сайшаан дэмжиж байгааг зориуд дурдах нь таатай байна. Олон арав, зуун жил, цус нэгт ахан дүүсийн биесээ санасан сэтгэлийн тайлал болхож “Гал бадраах” ёслолыг хийсэн нь “Хамаг Монгол”-чуудын нэгнээ санасан элгийг дэвтээж, дотор өрцнөөс нь огшоож байлаа. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндийг Монгол туургатан ахан дүүстээ уламжлахад хуран цугласан хүмүүсийн уухайн түрлэг цуурайтаж, Буриад зон суудлаасаа босон хүндэтгэл илэрхийлсэн юм. Буриад зоны гал бадарсан “Ган Тулга”-ыг Улаан-Үүд хотын төвд залж хүссэн хүн бүр адис хүртэж байхаар сайхан үйл болсныг энд дурдахгүй байхын аргагүй. “Хамаг Монгол” төслийнхөн цааш үргэлжлэн ОХУ-ын Буриад улсын аймгуудаар гал бадраах ёслолоо хүргэсээр байна. Тэдний очсон газар бүрт баяр хөөр цалгиж, хамгийн их хүндэтгэлийг үзүүлэн ёохор хатирч, дуулж, бүжиглэн хөгшид хүүхдийн магнай тэнийж байгаа аж. “Хамаг Монгол” төслийнхөн Өвөр Монгол, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсуудад аялан тоглолтоо хийсний дараагаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2013 оны Есдүгээр сарын 22-нд хаалтын үйл ажиллагаагаа хийхээр төлөвлөсөн байна. ОХУ-ын Буриад улсын Төв телевиз энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоныг магтан тэмдэглэе. Мөн МҮОНРТ нь Хамаг Монгол төслийн онцгой эрхтэй мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм.
Монгол цуст ахан дүүс эргэн нэгдэж, элгээ дэвтээлээ | ||
Үзсэн: 2217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.