![](/uploads/201405/news/thumb/677712aac35deb79f6f5e320e2eb8636_x3.jpg)
Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Сайханы сарлаг-2014” арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Өмнөговь аймаг 1990 оныг хүртэл 3000-4000 толгой сарлагтай байсан бол 2000 онд 2147 толгой, 2004 онд 199 толгойд хүрч хорогдсон. Тиймээс тоо толгой нь цөөрч буй мал амьтдыг өсгөх тэдгээрийн амьдын үнэлэмжийн нэмэгдүүлэх зорилгоор “Сарлагийн баяр” арга хэмжээг зохион байгуулдаг юм.
Сарлаг үхрийг өсгөн хамгаалах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн арга хэмжээ бий болгох зорилгоор 2011 оноос хойш зохион байгуулж буй уг арга хэмжээнд энэ жил зургаан сумын малчид 300 гаруй сарлагтайгаар оролцлоо. Анх энэ арга хэмжээ зохион байгуулагдаж байхад аймгийн хэмжээнд 170 гаруйхан байсан сарлаг үхэр эдүгээ 500 гаруй болж өсөөд байна. Арга хэмжээний үеэр дэлхийд алдартай Английн BBC телевизийнхэн ирж малчдын ахуй амьдрал, тэдний сарлаг маллах ухаан, мөн сарлагийн баяртаа хэрхэн бэлдэж, оролцож байгаа талаар баримтат, уран сайхны киноны зураг авалт хийсэн юм.
“Сарлагийн баяр-2014” арга хэмжээний буухиа тэмцээний төрөлд М.Энхтөр ахлагчтай Баяндалай сумын баг тэргүүлсэн бол Б.Баатар ахлагчтай Баяндалай сумын баг, Н.Баянчулуун ахлагчтай Хүрмэн сумын багууд удаалжээ. Хурдан сарлагийн уралдаанд Хүрмэн сумын малчин н. Ууганбаяр, Баяндалай сумын малчин З.Эрхэмбаяр, Ц.Мөнхбат нарын сарлаг эхний гурван байрт шалгарсан байна. Харин “Шилмэл бух”-ын төрөлд Ханхонгор сумын малчин Бат-Өлзийн бух сарлаг, Баяндалай сумын Х.Болдын бор тарлан, Хүрмэн сумын малчин Б.Цэцгээгийн хөх, Хүрмэн сумын Р.Баянчулууны хөх зүсмийн бух тус тус шалгарчээ. "Сайханы сарлаг-2014" арга хэмжээний хамгийн олон сарлагийн тугал бойжуулсан өрхөөр Хүрмэн сумын малчин Р.Отгонсүрэн, Баяндалай сумын малчин Ч.Болд нар шалгарч шагналын эзэд болсон байна.
Цаашид “Сайханы сарлаг” арга хэмжээг говь нутгийн аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлэх, зохион байгуулалтыг сайжруулахаар орон нутгийн удирдлага болон аялал жуулчлалын холбоо, хувийн хэвшил, малчид хамтран олон ажил төлөвлөжээ.
"Сарлагийн баяр" боллоо | ||
Үзсэн: 1638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.